ВАКЦИНЖУУЛАЛТ – МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ
Ковид-19Хатуу хөл хорионы үед вакцинжуулалтаа гэнэт түр зогсоосон болон вакцины үр нөлөөтэй холбоотой гарсан дараах асуудлууд анхаарал татаж байна.
• Энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Гао Фү Сычуань мужийн Чендү хотноо болсон Анагаахын конференц дээр Хятад улсад үйлдвэрлэсэн, нэлээдгүй оронд нийлүүлсэн (үүний дотор манай улсад) Синовак, Синофарм вакцины үр нөлөөний хэмжээ (vaccine effectiveness) бага байгааг сайжруулах хэрэгтэй хэмээн онцолжээ. Фэйсбүүкээр нийтлээд байгаа шиг ОГТ ҮР ДҮНГҮЙ хэмээн өөрийн вакциныг шууд “гөвсөн” мэдэгдэл огт хийгээгүйг сайтар ойлгоно уу. Харин шинэ үеийн вакцин болох мРНХ болон вектор вакцинтай нийлүүлсэн холимог вакцин илүү өндөр үр дүнтэй вакцин байж болох боломжтойг онцлоод энэ чиглэлд судалгаа, эмнэлзүйн шинжилгээг хийж буйг мэдэгджээ. Барууныхан ч бас энэ чиглэлээр 1 тун дотор хэд хэдэн өөр технологийн вакцины (антиген) холимог байхаар вакцинжуулалтын туршилт, үр дүнг судалж буй бололтой.
• Арабын нэгдсэн Эмират улс манай оронтой адил БНХАУ-ын Синофарм вакциныг худалдан авсан ба нийт 9 сая тун хийсэн, бүрэн вакцинжуулсан 2.2 сая хүн (22.4%) байгаа үзүүлэлтээр Азид төдийгүй дэлхийд тэргүүлэгчдийн нэг. АНЭУ-ын вакцинжуулалтын тэргүүлэх судлаач Валид Захерын мэдэгдсэнээр Хятад вакциныг эсрэгбиет үүсгэж буй болон үр дүнтэй байгааг мэдэгдсэн боловч маш цөөн тохиолдолд ДАРХЛАА ОГТ ҮҮСГЭЭГҮЙ болохыг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө санхүүгийн боломж бүхий АНЭУ-д иргэддээ вакцинжуулалттай зэрэгцүүлэн дархлаа үүсэж буй, үгүй эсэхэд ЭСРЭГБИЕТИЙН БОЛОН ДАРХЛААНЫ БУСАД СОРИЛУУДЫГ байнга хийж байгаа нь манайд зайлшгүй өргөн хүрээтэй хийх ёстойг САНУУЛААД байна. Эдгээр дархлаа үүсээгүй нь тогтоогдсон хүмүүстээ 3 ДАХЬ ТУНГ тарих асуудал тус улсад яригдаж хятадуудтай хамтран туршилт судалгаа, тарилгыг эхлүүлээд байна.
• Вакцины 2 тарилга, дозын хооронд байх хугацааг АНУ-ын Пфайзер вакцины хувьд 21 хоног, Модерна вакцины хувьд 28 хоног (Синовак, Синофарм вакцин мөн адил 28 хоног), ОХУ-ын Спутник В вакцины хувьд 21 хоног, Англи-Шведийн Астразенека вакцины хувьд 8-12 долоо хоног байх нь хамгийн оптималь хэмээн үйлдвэрлэгчид өөрсдөө зөвлөжээ. Энэ дархлаа үүсгэхэд хамгийн үр дүнтэй байх хугацаа гэж үйлдвэрлэгчдийн зүгээс онцгойлон санал болгосон гэсэн үг. Харин вакцин тариулагч хувь хүний зүгээс (баривчлагдах, хоригдох, хүндэтгэх бусад шалтгаантай хойшлох) болон зайлшгүй шалтгааны улмаас хойшлуулж болох дээд хугацааг заажээ. Манайд ТӨР ЗАСАГ НЬ ӨӨРӨӨ вакцин хангалттай байгаа гэх боловч хорио цээртэйгээ зэрэгцээд вакцинжуулахаа зогсоож буй нь огтоос ойлгомжгүй байна. Пфайзер, Модерна вакцины хувьд дээд тал нь 42 хоног хэмээн заасан ба Хятад вакцины хувьд тоон мэдээллийг миний хувьд баттай олсонгүй. ХУГАЦАА НЬ ДУУСАХ ДӨХСӨН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭН Ч АВДАГГҮЙТЭЙ АДИЛ ШҮҮДЭЭ. Шаардлагатай бол нэгэнт бөглүүлж авсан гэр, утасны хаягаар холбогдон гэрээр вакцинжуулж ч болно.
• Юутай ч Монголд вакцинжуулалтын хяналтын бүлэг гаргаад 28 хоног, 42 хоног, 50 хоног, 60 хоногийн дараа 2 дахь вакцинжуулалтаа хийвэл эсрэг биет үүсэх хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулан судалж, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй. Биоаюулгүйн судлаач, молекул биологичийн хувьд үйлдвэрлэгчийн онцгойлон санал болгосон хугацаанаас хойшилж вакцинжуулах нь түүний үр дүнг шууд бууруулна гэдэгтэй санал нэг байна (ДАРХЛААНЫ САНАМЖ СУЛРАХ, ЭХНИЙ ВАКЦИНЖУУЛАЛТ ҮР ДҮНГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛҮҮД). Нөгөө талаас зөвхөн эсрэгбиет үүссэн эсэх асуудлаар хязгаарлагдахгүй вакцины чадамж (vaccine potency –challenging иж бүрэн дархлааны судалгаа)-ийн судалгааг Монгол орны нөхцөлд хийх үүнд хүн болон мал эмнэлгийн гадаад дотоодын эрдэмтэн судлаачдыг хамруулан хийх шаардлагатай.
Б.АРВИНБАЯР, Молекул биологич
МОНГОЛЫН БИОТЕХНОЛОГИЙН НИЙГЭМЛЭГ