УИХ-н гишүүн Ж.ЧИНБҮРЭН: ТӨРЛҮҮДЭЭР НЬ АВААД ҮЗВЭЛ, СИНОФАРМЫН ВЕРОСЕЛ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮС ХАМГИЙН БАГА ХАЛДВАР АВСАН БАЙНА

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-04-20 10:42:59

УИХ-н гишүүн Ж.ЧИНБҮРЭН: 

ТӨРЛҮҮДЭЭР НЬ АВААД ҮЗВЭЛ, СИНОФАРМЫН ВЕРОСЕЛ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮС ХАМГИЙН БАГА ХАЛДВАР АВСАН БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.



-Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг сайжруулна гэж мэдээлж байсан хэдий ч эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунгийн хоног хугацаа хойшиллоо. Вакцинжуулалт тасрах шалтгаан юу байв. Хаана алдаа гарав?

-Дэлхийд өдөрт 14-19 сая тун вакцинжуулалт хийгдэж байна. 

Үйлдвэрлэгч компаниуд захиалгаа гүйцэхгүй байна. 

Гэрээ хийгээд амлалтаа өгсөн ч үйлдвэрүүд гаргаж чадахгүй байгаа юм. 

Манай улсад дөрөвдүгээр сарын 10-нд вакцин ирэх ёстой байсан. 

Гэвч үйлдвэрлэгч талд ачаалал их, гэрээнд заасан хугацаандаа амжихгүй байна. 

Нөгөө талаас Энэтхэгийн засгийн газар вакцинаа гадагш нь гаргахгүй дотоодынхоо иргэдэд хийлгэх чиглэл өгсөн байна. 

Гадаадын захиалгууд нь бүгд зогсож байна.

БНХАУ дотооддоо хүн амаа вакцинжуулалтад бүрэн гүйцэд хамруулж гүйцэхгүй байгаа. 

Тэр утгаараа үйлдвэрлэл, захиалга хоёр хоорондоо нийлж чадахгүй байна. 

Вакцины эрэлт асар их байгааг онцлох нь зүйтэй. 

Судалгаа шинжилгээнээс үзэхэд 50 орчим хоног дотор дархлаа алга болчихгүй. 

Жишээ авч хэлэхэд, антибиотик хэрэглэдэг байлаа гэхэд хүний биед байгаа бактерийг устгахын тулд тогтмол цусанд эргэлдэж байх ёстой. 

Эргэлдэх ёстой антибиотикийн хэрэглээ зургаан цаг болоод унадаг. 

Тийм учраас зургаан цаг тутам антибиотикийг таслахгүй уух ёстой. 

Харин дархлаажуулалт тийм биш. Дархлаа үүсчихсэн. 

Гурав дахь долоо хоногоос дархлаажуулалт 50 хувьтай үүсчихсэн байна. 

Үүний нэг жишээ, дархлаажуулалтын хяналтын ажлыг ахалж байгаа хүний хувьд вакцинуудыг төрлүүдээр нь аваад үзвэл Синофармын Веросел вакцин хийлгэсэн хүмүүс хамгийн бага халдвар авсан байна. 

Энэ тоо баримжааг харахад, хийгдсэн вакцинуудын дунджаар 0.34 хувьд нь халдвар авсан байх жишээтэй. 

1000 хүн дотроос 34 нь халдвар авсан байна. 

Энэ бол дундаж тоо. 

Тиймээс вакцинжуулалтад хамрагдах нь маш чухал.

Түүнчлэн эхний тунгаа хийлгэсний дараа дархлаа үүсч байгаагийн нэг гэрч. 

ГХЯ, ЭМЯ, УОК, Сангийн яам өдөр шөнөгүй ажиллаж байгаа. 

Би энэ улсуудыг буруутгахгүй. 

Байнга имэйл бичиж, тэнд байгаа Элчин сайдын яамуудаа ажиллуулж байна. 

Тиймээс хэн нэгнээс буруу хайх нь зохимжгүй.

-Эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс нэмэгдсээр байна. Вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авахад бүр хүнд тусч байна гэх зүйлс яригдах юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Харин ч эсрэгээрээ. 

Вакцины эхний тунг хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд маш хөнгөхөн тусч байгаа.

-Хөл хориотой уялдуулаад дархлаажуулалтыг нэмэгдүүлнэ гэх ойлголт байсан ч өдгөө вакцин хүрэлцээгүй улмаас хоёр дахь тунгаа хийлгэх өчнөөн хүмүүс хүлээлттэй байна. Тэд халдвар авах эрсдэлтэй бүлэгт байсаар байдаг. Тэгвэл эндээс хоёр дах тунг яагаад хадгалж болоогүй юм бэ гэх асуулт гарч байна л даа.

-Энэ сарын 23-нд манайд вакцин ирнэ гэсэн мэдээлэл байна. 

Вакцин худалдан авах гэрээ хэлэлцээр хийгдсэн. 

Гэсэн хэдий ч үйлдвэрлэгч талаас нийлүүлэлт дээр удааширч байгааг ойлгох хэрэгтэй. 

БНХАУ-ын төрийн өмчит синофарм компанийн вакцин маш сайн байна. 

Тиймээс худалдан авах хүсэлт илгээж буй улс орон ч их байна.

-Хувийн хэвшлийнхнийг вакцин оруулж ирэхийг төр дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хувийн хэвшилд вакцин авчрах зөвшөөрөл хэр өгч байгаа вэ?

-Төр хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа. 

Вакцин оруулж ирэх зөвшөөрлийг нь хангалттай өгч байгаа. 

ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн, шаардлага хангасан үйлдвэрлэлээс гэрээ хийгээд авчихвал бид худалдаад ч авъя гэж байгаа юм.

 Учир нь дэлхий дээр вакцины хомсдол байгаа учраас энд тэндээс олоод ирэх боломжтой. 

Спутник вакциныг хувийн хэвшил оруулж ирсэн. 

Тэд хоёр дах тунгаа хадгалж байгаа. 

Энэ вакцины нэг дэх тун, хоёр дахь тун нь өөр өөр. 

Харин Синофарм ялгаагүй ижилхэн.

-Энэ удаагийн хөл хорио хэр үр дүнтэй байх бол?

-“Нэг өрх-Нэг шинжилгээ” -ний дараа вакцин хийж эхэлсэн. 

Ингээд маш их тайвшрал бий болсон. 

Тэр тайвшрал иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сулруулах, олон нийтээрээ бөөгнөрөх, удаан уулзаагүйгээсээ болоод уулзаж цуглах, хамгаалалтын дэглэм алдах асуудлууд байна. 

Хөл хорио халдвар тархалтын хурдыг сааруулж өгсөн. 

Халдвар тархаж байгаа хурд удаан, вакцин хийж байгаа явц хурдан бол вакцинжуулалт амжилттай болно. 

Бид дархлаажуулалтын процесс хийсэн ч гэсэн тэр өдөртөө халдвар алга болохгүй. 

Вакцин хийлгэвэл шууд халдвар авахгүй байна гэж байхгүй. 

Вакцин хийлгэсэн тохиодолд халдварыг арай хөнгөн тусч байна. 

Вакцин хийлгэсний дараа 14 хоногийн дотор дархлаа бүрэн тогтож байгаа. 

Сүүлийн үеийн судалгааг харахад дархлаа маш сайн тогтож байна. 

Ялангуяа мутацид орсон вирусүүдийн эсрэг одоо хийж байгаа вакцинууд хангалттай хамгаалж чадаж байна гэдэг сайн мэдээ байна. 

Хүний дархлаа хоёр янзаар үүсдэг. Шингэний дархлаа, эсийн дархлаа гэж. 

Шингэний дархааг бид үүсгэж байгаа юм. 

Харин эсийн дархлаа үүсч бүр насан туршийн дархлаа үүсч байхыг үгүйсгэхгүй талаар судалгаа хийгдээд явж байна. 

Эндээс юу гэж дүгнэж байна гэхээр мутацид орсон вирусийн эсрэг одоо хийгдэж байгаа бүх вакцинууд хамгаалж чадаж байна. 

Өмнө нь анагаах ухаан хүчтэй хөгжөөгүй байхад цар тахал дууссаны дараа вакцин гаргаж авдаг байсан бол одоо дэгдэлттэй явж байхад нь вакцин үйлдвэрлэж байна. 

Энэ бол технологийн том дэвшил. 

Эрүүл мэндийн салбар асар их ачаалалтай байгаа учраас хөл хорио тогтоогооч гэх саналыг мэргэжилтнүүд шахаж байгаа. 

Үнэхээр ачаалал маш их, нөөц ч шавхагдаж байна. 

Нийлүүлэлт цөөн байгаа учраас байгаа вакцинаа ямар ч гэсэн таслахгүй үргэлжлүүлээд вакцинжуулалтаа хийж байна. 

Халдварыг бууруулах зорилгоор яалт ч үгүй хөл хорио тогтоолоо. 

Вакцин тарих хурд халдвар тарж байгаа хурд урвуу хамааралтай байх ёстой. 

Халдвар тархаад байхад араас нь вакцин хийх гээд байвал өвчин тархаад бүр вакцинжуулалтаа хийж чадахгүй болно. 

Хөл хорио тогтоож халдвар тарах хурдыг бууруулаад вакцинаа хийх гэж байна. 

Вакцинжуулалт хангалттай биш учраас мэлхийн хурдаар явж байгааг ойлгох хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжээд эхэлсэн. Улс, хувийн гэлтгүй эмнэлэгт даатгалын сангаар дамжуулж эмчилгээ хийх боломжтой болж байна. Гэхдээ улсын эмч нар хувийн эмнэлэгт очиж хагалгаа хийдэг. Энэ байдлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Үйлчлүүлэгчээ татахын тулд өрсөлдөөн явна. 

Хувийн эмнэлэг сайн эмч ажиллуулахын тулд өндөр цалин амлана. 

Тогтвортой ажиллуулна. Даатгалын тухай хуулийн гол зүйл бол үнийн төлөөх, тендерийн төлөөх өрсөлдөөн биш, чанарын төлөө өрсөлдөөн болох гэж байна. 

Эрүүл мэндийн салбарыг жинхэнэ хүний төлөө салбар болгох гэж байна.

Холбоотой мэдээ