АУ-НЫ ДОКТОР Г.БАТБААТАР: ВАКЦИН ТАРИУЛСНААР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ. ХАЛДВАРТАЙ ЗЭРЭГЦЭН АМЬДРАХ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНТЭЙ ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ ЦААШДАА Ч БАЙСААР БАЙНА
Ковид-19АУ-НЫ ДОКТОР Г.БАТБААТАР: ВАКЦИН ТАРИУЛСНААР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ. ХАЛДВАРТАЙ ЗЭРЭГЦЭН АМЬДРАХ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНТЭЙ ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ ЦААШДАА Ч БАЙСААР БАЙНА
АШУҮИС-ийн Боловсрол
хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач,
гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.
-Цар тахал гарснаас
хойш хүн төрөлхтөн коронавирусийн эсрэг вакцины хүлээлтэд байлаа шүү дээ.
Вакцин бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч
вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна?
-Дэлхий дээр маш олон
өвчин үүсгэдэг, өвчин үүсгэдэггүй бичил биет өргөн тархсан байдаг. Хүн төрсөн
цагаас эхлэн эдгээр бичил биеттэй танилцаж, мэдээллийг дархлааны “Ой санамж”-нд
хадгалах, шаардлагатай тохиолдолд эргэн санаж идэвхжих онцгой чадварын ачаар
өвчлөхгүй, эрүүл саруул амьдрах боломжтой болдог. Энэ чанарыг танин мэдсэнээр
өвчин үүсгэгчийн тодорхой бүтцийг биед оруулах замаар дархлааны “Ой санамж”-ийг
зориудаар үүсгэн халдварт өвчнөөс сэргийлэх аргыг нээсэн нь гайхамшиг юм. Өвчин
үүсгэгчийн тухай дархлааны “Ой санамж” зориудаар үүсгэхэд ашиглаж буй бүтцийг
вакцин гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, коронавирусийн дархлааны эсэд
танигдах бүтцийн тодорхой, тогтмол бүтцийг гарган авч тарьснаар уг вирусийн
“Санамжийн эсүүд” үүсдэг. Вирус хүний биед нэвтрэхэд дархлааны эсүүд түүнийг
өвөрмөцөөр таньж, идэвхжин маш богино хугацаанд идэвхжин вирусийг устгана гэсэн
санаа юм л даа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн өвөрмөц мэдээллийг зориудаар
урьдчилаад дархлааны эсүүдэд таниулахыг дархлаажуулалт гэж нэрлээд байгаа юм.
Тэгэхээс вакцин гарснаар вирус бүрмөсөн устах, эсвэл вирусийн халдварт өртөхөө
болино гэсэн үг биш. Ер нь вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдэхгүй.
Коронавирус устахгүй нь ойлгомжтой учир цаашдаа зохицон амьдрах, халдвараас
сэргийлэх арга замаа тодорхойлох нь чухал.
-Монгол Улс БНЭУ-аас
коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ
вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн
дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа
вэ?
-Вакцин нь олон
хэлбэртэй буюу гарган авах аргаас шалтгаалан бүтэц нь ч өөр. Вакцин бүтээх ажил
нь нарийн хяналтын дор олон түвшний туршилтаар шалгагдаж байж үйлдвэрлэх
зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авдаг нарийн төвөгтэй процесс юм. Тийм учир
вакцины чанарт эргэлзэх, санаа зовних шаардлагагүй байх. Тэгээд ч шинжлэх ухаан
хөгжсөн цаг үед амьдарч байна. Энэ вакциныг дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд ч
хэрэглэж байна. Вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт нэгдэл учир
тухайн хүний дархлаа чадамжаас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг.
Гэхдээ амь насанд аюултай хэмжээнд хариу урвал үзүүлэхгүй байх, баталгаатай тохиолдолд
эрх бүхий байгууллагаас нийтээр хэрэглэх зөвшөөрлийг олгоно.
-Вакцины найрлагад
ямар бодисууд багтдаг вэ?
-Дээр хэлсэн вакцин
олон хэлбэртэй. Одоогоор “Pfizzer”, “Moderna компанийн вакцин бол РНХ
технологид суурилсан шинэ төрлийн вакцин юм. Харин Спутник V, Astra Zeneca
вектор вакцин юм. Эдгээр вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй болохыг олон
судалгаагаар баталж дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч бүртгээд байна. Тийм
учраас эдгээр вакцины үр дүн, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Хамгийн гол
нь вакцины “Хүйтэн хэлхээний журам”-ыг чанд мөрдөх нь нэн чухал. Энэ нь
үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хэрэглэх хүртэлх тээвэрлэлт, хадгалалт,
хэрэглээнд тавих стандарт шаардлага юм. Манай орны хувьд -70С градусын нөхцөлд
тээвэрлэх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүргэх дэд бүтэц нь ямар юм бол доо.
Үүнийг тооцож байж ямар төрлийн вакцин, хаанаас, хэзээ авахаа шийдэх нь чухал.
-“Коронавирусийн эсрэг
маш сайн вакцин гарлаа гэхэд үүсгэж байгаа дархлал нь тийм удаан тогтохгүй.
Яагаад гэхээр вирусийн эсрэг дархлаа дандаа богино хугацаатай байдаг” гэж та
нэг ярилцлагадаа дурдсан байсан.
-Коронавирусийн эсрэг
вакциныг маш богино хугацаанд гарган авч, яаралтай шугамаар бүртгэн хэрэглэж
байгаа учраас вирусийн эсрэг дархлаа хэр тогтвортой, ямар хугацаагаар тогтдогийг
одоо үнэлэхэд хэтэрхий эрт байна. Ер нь вакцин гарган авч хэрэглэснээр бүх
асуудал шийдэгдэхгүй шүү. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр
дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байх нь ойлгомжтой. Магадгүй энэ
вакциныг 2-3 жил тутам хэрэглэх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй.
-Анти вирусийн талаар
хүмүүст илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахгүй юу?
-Вирусийн эсрэг
дархлаа нь эсийн болон шингэний гэсэн хоёр хэлбэртэй. Товчхондоо вирусийн эсрэг
эсийн дархлааны гол эффектор механизм “Эс хордуулагч Т лимфоцитээр” дамжин
илэрнэ. Өөрөөр хэлбэл, вирусээр халдварласан өөрийн эсийг устгах замаар
вирусийн халдвартай тэмцэнэ. Харин шингэний дархлааны урвалд “Иммуноглобулин”
буюу эсрэг бие гэх өвөрмөц уураг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, вирус хүний
биед нэвтрэн орж эсэд халдварлахаас урьтаж эсрэг биетүүд холбогдож
саармагжуулан биеэс зайлуулна. Тэгэхээр вакцин нь вирусийн эсрэг өвөрмөцөөр
үйлчлэх “Эс хордуулагч Т эс” болон эсрэг биеийн үүсэлтийг өдөөдөг гэж ойлгож
болно.
-Аюулгүй байдлаас
шалтгаалж вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна?
-Мэргэжлийн хүний
хувьд дахин хэлье. Шинжлэх ухаанд итгэж чадахгүй юм бол лам, бөө, шашинд итгэх
үү. Өнөөдөр миний хувьд итгэж болох хамгийн зөв зүйл нь шинжлэх ухаан юм.
Шинжлэх ухаанаар нотлогдсон, мэдлэг боловсрол улс орныг хөгжүүлнэ гэдэгт би
итгэдэг.