Д.ЖАРГАЛСАЙХАН JarjalDeFacto ФИНТЕК: ЭДИЙН БУС ХӨРӨНГӨ БА ТҮҮХЭН БОЛОМЖ
Эдийн ЗасагД.ЖАРГАЛСАЙХАН
ФИНТЕК:
ЭДИЙН БУС ХӨРӨНГӨ БА ТҮҮХЭН БОЛОМЖ
Хүн төрөлхтний хөгжлийн хурд хил дамжсан, чөлөөт худалдаатай шууд холбоотой.
Худалдаа бол мөнгө, барааны солилцоо.
Ямар ч бараагаар сольж болдог учир мөнгийг мөн төлбөрийн хэрэгсэл гэдэг.
Төлбөрийн хэрэгслийг улам бүр хялбар, найдвартай, хурдан, хүртээмжтэй болгохыг хүн төрөлхтөн үргэлж хичээдэг учраас аливаа техникийн дэвшил санхүүгийн салбарт юуны түрүүнд нөлөөлж иржээ.
Эдүгээ финтекийн салбарт нэвтэрч буй шинэ технологи төлбөрийн хэрэгслийг яаж өөрчилж байгаа, яагаад Монголчуудын өмнө сайхан боломж, бас сорилт тулгарч байна вэ?
Итгэлцлийн заагийг арилгасан нь
Шинэ технологи хүмүүн хоорондын зааг ялгааг арилгадаг. Хэвлэлийн машин 15-р зуунд мэдлэгийн, уурын тэрэг 18-р зуунд хүч чадлын, харин интернет 1990-ээд онд зайны, цаг хугацааны заагийг тус тус алга болгосон.
Энэ зууны эхээр бий болсон ухаалаг гар утас худалдааг хаана ч, хэзээ ч хийдэг болгов.
Өнөөдөр бид гар утсаараа төлбөр тооцоо хийхээс гадна, зээл авч, мөнгө гуйвуулж болж байна. Санхүү ба технологи хосолсон финтекийн салбар эрчимтэй хөгжиж, банкны үйлчилгээ дэлхийн хүн амын хамгийн ядуу хэсэгт ч хүрэх боллоо.
Тэгвэл 2008 оны санхүүгийн хямралын дараа энэ салбарт дараагийн хувьсгал гарлаа. Блокчэйн гэх олон сая компьютер хоорондоо харьцаж, өгөгдлийг бүлэг болгон өрсөлдөн багцалж (block), дараагийн багцыг өмнөхөөс нь ургуулан бүтээснээр (chain) тухайн өгөгдлийг задлаж, засах боломжгүй (immutable) болгочихдог шинэ програм бий болов.
Энэ програмаар хөрөнгийн хөдөлгөөнийг бүртгэх (ledger) болов.
Нэгэнт л бүртгэгдсэн бол буцааж болохгүй, олон давхар кодолсон учир итгэж болно.
Ийнхүү ямар ч зуучлагчгүйгээр (төр, нотариат, дэлгүүр, банкны данс, кредит карт гэхгүйгээр) эдийн ба эдийн бус хөрөнгөө (виртуал) хүмүүс хоорондоо шууд арилжаалж буй учир блокчэйн технологи итгэлцлийн заагийг арилгаж орхив.
Энэ технологийг ашиглан Сатоши Накамото гэгч анхны криптовалют (нууц кодтой цахим мөнгө) биткойныг 2009 онд зохион бүтээжээ.
Араас нь олон төрлийн криптовалют олон оронд бий болж эдүгээ 1600-д хүрчээ.
Жишээ нь: Ardcoin, Dogecoin гэх мэт.
Криптовалют цахим мөнгө шиг төлбөрийн хэрэгсэл болохоос гадна, хувьцаа бонд зэрэг үнэт цаас шиг чөлөөт арилжаалагддаг, ханшийн зөрүүнээс нь ашиг хийж болдог санхүүгийн, хөрөнгө оруулалтын хэрэгсэл боллоо. Биткойныг анх нэг доллараар авсан хүн, энэ онд 60 мянган доллартай болох жишээтэй. Гэхдээ хувьцааны үнэ үргэлж хэлбэлздэг.
Зохицуулах оролдлого
Нэгэнт л зуучлагчгүй (хариуцлага хүлээж, шалгаж баталгаажуулагчгүй) хоёр хүн хоорондоо хөрөнгө дамжуулдаг болсон учраас мөнгө угаах гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Тиймээс энэ харилцааг зохицуулахыг олон улсын санхүүгийн гэмт хэргээс сэргийлдэг байгууллагууд төр засгийн газруудад зөвлөх болов.
Мөн эдийн ба эдийн бус хөрөнгийг нь шилжүүлэх үйлчилгээ эрхлэгчид хувь хүний бүх мэдээллийг авч хадгалдаг учир мэдээлэл алдагдах эрсдлийг хамгаалах шаардлага урган гардаг.
Тиймээс орон бүр эдийн бус (виртуал) хөрөнгийн үйлчилгээ хүргэгчийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, журам гаргаж байна.
Энэ бол тийм ч амар биш, эдүгээ аль ч улс бүрэн зохицуулж чадаагүй, бас тас хорьчих боломжгүй ажил юм.
Монгол Улсын хувьд харьцангуй хурдан хөгжиж ирсэн мэдээлэл холбооны (telecom) салбарын ачаар ийм хэрэгцээ 7-8 жилийн өмнөөс гарсан.
Монголд цахим мөнгө (digital currency) бий болсоор байна. Төгрөгтэй тэнцэх цахим мөнгө гаргах зөвшөөрлийг одоогоор Мобифинанс ББСБ ХХК (Моnpay, өмнө нь кэнди), Супер ап хэтэвч ХХК, Ард Кредит ББСБ ХК (АрдКэш), Эм Пи Эс Си ББСБ ХХК, Инвескор хэтэвч ББСБ ХХК (Pocket), Хай пэймэнт солюшнс ХХК зэрэг финтекийн зургаан компани Монголбанкнаас одоогоор аваад байна.
Ер нь бол гар утсаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 20-оод компани байгаагаас 2019 онд зарим нь нэгдэн Финтекийн холбоо байгуулж хамтран өндөр өгөөжтэй эко-систем бүрдүүлэхийг эрмэлзэж байна.
Аливаа зохицуулалт техникийн дэвшлээс үргэлж хоцордог.
Цахим төлбөр тооцоонд банкнаас бусад этгээд оролцдог болж арилжаа, шилжүүлэг, төлбөр тооцоо хийх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкинд хуулиар олгож эхлээд удаагүй байна. Тэгвэл саяхнаас л 1) Монголбанк виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг боловсруулсан бол (энд), 2) Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл финтекийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг нээж Сэндбокс зохицуулалтын журмыг баталжээ. Эхнийх нь Их хуралд удалгүй өргөн баригдах бол сэндбоксын зохицуулалт нь нэг жилийн хүчинтэй, нэг удаа сунгагдах боломжтой ажээ.
Монголын финтекийн салбарт шийдэх асуудал цөөнгүй байна. Юуны өмнө бизнест цаг хугацаа хэмнэх, хэрэглэгчдэд чирэгдэл учруулахгүйн тулд цахим гарын үсэг, ухаалаг гэрээг хуулиар зөвшөөрөх шаардлагатай байна. Мөн чанаргүй зээлийг бууруулж, нийтийн санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс финтекийн үйлчилгээ эрхэлж буй компаниудын цахим мэдээллийн төвлөрсөн сан, дэд бүтэц байгуулах хэрэгтэй байна.
Энэ салбарыг Засгийн газар нь дэмжиж шимтгэл хураамжаас чөлөөлснөөр Ali Pay (2013), Wechat pay (2013) хоёргүй бол Хятадын хаа ч гэсэн, эдүгээ ямар ч төлбөр хийх боломжгүй шахуу болжээ.
Гацаалт
Финтекийн салбарт одоо мөрдөж байгаа дүрэм журам бодит байдал дээр үйлчилгээ үзүүлэгч нарын үйл ажиллагааг хаан боогдуулж, хэрэглэгчийн шаардлагыг хангахгүй, чирэгдэл учруулж байна. Жишээ нь:
- Цахим мөнгөний хувьд: Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар (2018 оны эхнээс хэрэгжсэн) банкнаас бусад байгууллагуудад цахим төлбөр тооцооны үйлчилгээ явуулах боломж гарав.
- Хуулийг хэрэгжүүлэх журмыг Монголбанк гаргажээ.
- Гагцхүү энэ журмаар гүйлгээ бүр нэг сая төгрөгөөс бага, өдөрт гурван саяас хэтрэхгүй, харилцагч дансандаа 50 саяас дээш төгрөгтэй байж болохгүй гэх зэргээр үйл ажиллагааг эрс хязгаарлажээ.
- Мөн гэрээ байгуулаагүй, бүртгүүлээгүй хэрэглэгч өдөрт 20 мянган төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй, дансны үлдэгдэл 100 мянгаас хэтрэхгүй байх ёстой ажээ. Энэ хачин хязгаар нь цаг үеийн шаардлагаас хоцорч, бизнесийн үйл ажиллагааг ноцтой гацааж байна. Уг нь бол бэлэн мөнгөгүй нийгмийн (cashless society) бодлого барина, цар тахалтай тэмцэхэд “хүрэхгүй” төлбөр (contactless) хийнэ гээд байгаагүй билүү.
- Энэ зохицуулалт бол арван урсгалтай зам тавьчихаад зөвхөн ганцаар нь явуулж замын хөдөлгөөнийг түгжрүүлж буйтай агаар нэг. Хэрэглэгч гомдол гаргахаар цахим мөнгө бага дүнтэй байх ёстой, томруулна гэвэл банкны зөвшөөрөл ав гэж чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг хаах жишээтэй. “Зохицуулалт” нь ийм байгааг Монголбанкны удирдлага мэддэггүй ажээ.
- Виртуал хөрөнгийг яаж зохицуулах учир начраа төр засаг олоогүй, сурснаараа хааж боох, гацаах, саад болохыг урьтал болгож байна. Урамшууллын оноо, токен, койн мэт блокчэйн дээр суурилсан эдийн бус хөрөнгийг цахим мөнгөнөөс тусгаарлах, өөрсдийн хариуцлагын хүрээнээс гаргах бодлого барьж байна.
- Тэгээд эдийн ба эдийн бус үйлчилгээний аппликэйшн тусдаа байхыг шаардсан нь нэг аппликэйшн дээр ажиллаж болоод байсан харилцагчийг заавал хоёр аппликэйшнтэй ажиллахад хүргэж, хүндрэл учруулж байна.
- Тод жишээ нь ард койныг Ард аппликэйшнээс тусгаарлаж заавал вебсайтаар ордог болгуулжээ.
- Голын урсгалын эсрэг сэлэх мэт.
- Сэндбоксын журмаар санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг бодит орчинд, тодорхой хугацаанд, хязгаарлагдмал хүрээнд, турших боломжийг олгоно гэжээ. Харин тэр хязгаарлагдмал хүрээг хэн, хэзээ, хэрхэн тогтоох нь тодорхойгүй тул олон зуун мянган хүн эзэмшээд эхэлсэн аппликэйшний ирээдүй мөн л бүрхэг болов.
- Хэн нэгд нь таалагдахгүй, эсвэл мэдэхгүй болохоор, дахиад л нэг хаалт, хязгаар хэзээ ч тогтоох боломжтой юм.
Байдал нэг иймэрхүү ч гэсэн Монголын финтекийн салбарын компаниуд шударгаар өрсөлдөн шинийг санаачлан, төр засагтайгаа хамтран блокчэйний хувьсгалын үр өгөөжийг эх орондоо нутагшуулан, Монголчуудаа дэлхийн санхүүгийн далайд гаргахын төлөө итгэл үнэмшилтэй ажиллаж байна.