"Синофарм"-ын вакцины хоёр дахь тун хангалттай бий"
Ковид-19"Синофарм"-ын вакцины
хоёр дахь тун хангалттай бий"
Хятадын "Синофарм" группын вакциныг
хангалттай нөөцөлсөн тул хоёр дахь тун хойшлох асуудал үүсэхгүй ажээ.
Энэ
сарын 1-нд ОХУ-аас "Спутник-V" вакцины 40 мянган тун (20 мянга нь
улсынх, үлдсэн нь хувийн хэвшлийнх) ирсэн ч хоёр дахь тун нь ойрын
хугацаанд ирэхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд буй. Харин БНХАУ-ын
"Синофарм" группын "Вероцелл" вакцины хоёр дахь тунг
нөөцөлсөн эсэхийг ЭМЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
"Спутник-V"-аас бусад вакцины хоёр дахь тунг
хангалттай нөөцөлсөн. Мөн энэ сарын 1-ээс орон нутаг дахь 50-аас дээш насны
иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Вакцинжуулах үйл ажиллагааг үе
шаттайгаар зохион байгуулж, долдугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө
орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна. Үүний
зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд
вакцинжуулахаар 11 аймагт 22 мянган хүн тун вакцин түгээсэн. Мөн сарын 2-ний
өдөр нийт 11 аймагт 93 мянган хүн тун вакциныг түгээсэн" гэх
тайлбарыг өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газар Хятадаас "Вероцелл"
вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас
"Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Энэ
хүрээнд хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 2-нд 334400 тун "Вероцелл"
вакцин орж ирснээр БНХАУ-аас худалдаж авах 900 мянган тун вакциныг бүрэн хүлээж
аваад байна. Харин одоо "Спутник-V" вакцин л орж ирээгүй байгаа юм.
Одоогоор Монгол Улсад Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаас дараах
хэмжээгээр орж ирээд байна.
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар
БНЭУ-ын Засгийн газраас "АстраЗенека" вакцины 150 мянган
тун
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас
хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероцелл" вакцины 300
мянган тун
- Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар
ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун
- Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин
хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар “АстраЗенека” вакцины
14.400 тун,
- Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар
“Файзер” вакцины 25.740 тун,
- Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероцелл"
вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
- Дөрөвдүгээр сарын 21-нд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд
50400 тун "АстраЗенека" вакцин ирэв.
- Дөрөвдүгээр сарын 29-нд 334.400 тун "Вероцелл"
вакциныг арилжааны шугамаар
- Тавдугаар сарын 2-нд 40 мянган тун
"Спутник-v" вакцин арилжааны шугамаар
- Тавдугаар сарын 2-нд мөн 334.400 тун
"Вероцелл" вакцин арилжааны шугамаар тус тус орж ирсэн юм.