Дуучин Сэрчмаа маш том гэрээ байгуулжээ
УрлагМонгол Улсын гавьяат жүжигчин, поп пива Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан, поп дива, дуучин С.Сэрчмаа нар БНСУ-ын “Мajor agency CGM” (Cloud Global Management)-тэй албан ёсны артист гэрээ байгуулж, ажиллахаар болжээ.
Энэ талаар С.Сэрчмаатай холбогдож дараах асуултад тодруулга авлаа.
-“Мajor agency CGM” (Cloud Global Management)-тэй албан ёсны артист гэрээ хийсэнд баяр хүргэе. Продюсер Фрэкхоуз танд энэ саналыг хэзээ тавьсан бэ?
-Баярлалаа. Өнгөрсөн жилээс л энэ ажил яригдаж байсан л даа.
Гэхдээ албан ёсны санал нь 2021 оны нэгдүгээр сард ирсэн.
Санал ирсэн өдрөөс ажил эхлэх байсан ч дэлхий дахинаа тархаад байгаад “Ковид-19” цар тахлаас шалтгаалж өнөөдрийг хүрлээ.
Надаас гадна гавьяат жүжигчин Б.Сарантуяад энэ санал ирсэн.
Өмнө нь манай улсын дуучдад ийм санал ирж байгаагүй болохоор бид маш их баяртай байгаа.
-Хамтран ажиллах явц хэрхэн явагдах вэ.
Уншигчид маань та хоёрыг “БНСУ-д очиж ажиллах эсвэл Солонгосоор ч дуулах юм болов уу” гэсэн төөрөгдөлтэй байна л даа …
-Бид хоёр дээрх улсад очиж ажиллахгүй ээ.
Монголдоо л байна.
Одоо цагт өмнөх үе шиг нааш цааш явж дуу бичүүлэх шаардлаггүй болсон шүү дээ.
Энэ гэрээний зорилго нь дэлхийн 350 гаруй платформд бидний дуу байрших юм.
Тэгэхээр дэлхийн аль ч улсын иргэн хүссэн дуугаа сонсох боломж бүрдэнэ.
Хэн нэгэн дуучин дэлхийн хэмжээний томоохон нэг л платформд дуугаа байршуулахыг хүсдэг бол бид хоёрт маш том боломж нээгдэж байна.
-Гэрээ хэдэн жилээр хийгддэг вэ?
-1-2 жилээр.
Гэхдээ бидний гэрээ дууссан ч дээрх тооны платформд бидний дуу үргэлж хадгалаастай байна.
Гэрээний хугацаа дууслаа гээд бидний дууг хасахгүй.
-Дээрх продакшнтай хамтарч ажиллахад ямар шаардлага тавьдаг вэ?
-Мэдээж тухайн дуучны туршлага, гаргасан уран бүтээлийнх нь чанар, сонсогчийг нь харгалзан үзнэ.
Миний хувьд БНХАУ-ын зах зээлд зориулсан 20, Монгол сонсогч нартаа зориулсан 200 орчим дуу бүтээжээ.
Эдгээр бүтээлийг хийхдээ 22 жилийг зарцуулсан байна.
Нэмж хэлэхэд дэлхийн олон орны аялан тоглолт, фестиваль наадамд “Мajor agency CGM” группийн зохион байгуулалтаар оролцох боломжтой болно.
Мөн цахимд байршина.
-Таны бүтээл хэзээнээс дээрх тооны платформд байршиж эхлэх вэ?
-Энэ сарын 22-нд “Sally-1,2” цомогт багтсан дуу маань байршина.
-Ярилцсанд баярлалаа.