“Гитар сурахад хөгжмийн сонсгол тийм ч чухал биш”

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-05-15 02:17:44


Сүүлийн жилүүдэд гитар хөгжмийг сонирхох залуус нэмэгдэх болсон. Тэгвэл гитар сурахад юуг анхаарах талаар “DGL” хөгжмийн сургалтын төвийн захирал П.Даваацэрэнтэй ярилцлаа. 

Түүнийг уншигчид Монголын хамгийн анхны гитар сургалтын төв болон “440Hz” хөгжмийн нэвтрүүлгийг санаачлагч гэдгээр нь андахгүй биз ээ.  

Тэрбээр “Хүн бүр хөгжимчин болох албагүй ч хүн бүрт хөгжмийн боловсрол хэрэгтэй” гэх үгийн утгыг нийгэмд бодитойгоор таниулахаар зорьж яваа нэгэн юм.


Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хэд хэдэн удаа хөл хорио тогтоолоо. Гэхдээ энэ үед өөрийн тань гитар сонирхогчдод зориулан бэлтгэдэг контентууд гарсаар байлаа. Хөл хориог их үр дүнтэй өнгөрүүлж байх шиг байна?

-Хөл хорионы үеэр хийж амжаагүй, хийхийг зорьсон зүйлсээ амжуулсан. 

Тухайлбал, арван нэгдүгээр сард хөл хорио тавьснаас хойш гитар хөгжмийн 40-50 видео хичээлийг хийсэн байна. 

Видео хичээлээ залуусаас ирж буй түгээмэл асуултад хариулт болгох үүднээс бэлтгэн оруулдаг юм. 

Сүүлийн үед ном гаргахаар ажиллаж байна. 

Мөн машин тоноглодог залууст зориулсан авто чиглэлийн контент гаргахаар бэлтгэн ажиллаж байна даа.

-Хөл хориог өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харах залуус нэмэгдсэн байна. 

Ер нь хөл хорионы үеэр гитар тоглож сурахыг хүссэн, гитар тоглох чадвараа сайжруулахыг хүссэн залуус танд хэр их хандав?

-Хөл хорионы үед залуус өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжийг бүх л хэлбэрээр эрэлхийлж байгаа нь сайшаалтай. 

Тэр тусмаа гитар сонирхогч залуус маань хөл хорионы үеийг үр дүнтэй өнгөрүүлж байгаа нь илт харагдаж байгаа. 

Арван нэгдүгээр сард гитар тоглож сурч эхэлж байсан хүү таван сарын хугацаанд бие даан гитараа маш сайн тоглож сурснаа харуулсан шүү. 

Миний бэлтгэн оруулдаг видео хичээлийг тогтмол үзэж, түүнээсээ суралцаж байгаагаа илэрхийлсэн хүмүүс ч цөөнгүй.


Сүүлийн үед техник, технологийн боломжийг ашиглан алсын зайнаас хөгжмийг ч бие даан суралцах боломжтой болсон байна. 

Гэхдээ гитарыг багшгүйгээр бие даан суралцахад үр дүн, ахиц дэвшил хэр гардаг вэ?

Энэ тал дээр хоёр ойлголт байдаг.

 Сошиал орчин хөгжиж буй энэ үед сургалтын бэлэн хэрэглэгдэхүүн ашиглаж, бүх төрлийн хөгжмийг бие даан сурах боломжтой болсон. 

Цаг хугацаанд баригдахгүйгээр, хүссэн үедээ суралцах боломжтой болсон гэсэн үг. 

Гэхдээ бүх зүйл хоёр талтай гэдгийг залуус ойлгох хэрэгтэй.  Энэ тохиолдолд хэтэрхий их мэдээлэл дунд төөрч, чиглүүлэх хүнгүй байснаас суралцах цаг хугацаагаа алдах тохиолдол байдаг. 

Ингэхдээ техникээ зөв, буруу эзэмшихээс авахуулаад чухлыг нь хүлээн авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. 

 Удаан хугацаанд системгүй суралцсанаас тодорхой ахиц гарах нь багасдаг. 

Үүнээс үзэхэд, хэдийгээр сошиал сүлжээнээс авч буй мэдээлэл, хичээлүүдийг ашиглан бие даан суралцах боломжтой боловч зөв сурч байна уу гэдэгт гол асуудал үүсдэг. 

Залуус үзсэн хичээлийн төвшинд дуурайж тоглож сурдаг. 

Үүнээс үүдэн тухайн хүний сэтгэлгээний хөгжилд цаашид гарах ахиц дэвшил багасдаг гэсэн үг.

Тиймээс багшаас өгч буй мэдлэгийн тусламжтайгаар тухайн хөгжмийг системтэйгээр, зөв сурах нь чухал.

Ингэснээр яагаад гэх асуултад тодорхой хариулт авч чаддаг. Youtube сувгаас хичээл үзсэн ч яагаад гэх асуултын хариултыг олохгүй байх тохиолдол бий.

Иймээс хувь хүний оролдлого, мэдээллийг хүлээн авч, мэдлэг бий болгох харилцаа ч чухал. 

Иймдээ ч бие даах, мэргэжлийн багштай гитар тоглож сурах хоёрын хооронд давуу болон сул талын аль аль нь бий.

“СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН Ч ГИТАР ЗААЛГАЖ, СУРЧ БАЙСАН ТОХИОЛДОЛ БИЙ”

-Ямар ч хөгжмийг сурахад сонсгол их чухал гэдэг. 

Гэхдээ сонсголоос илүү оролдлого, хувь хүний хүсэл сонирхол ч чухал юм шиг?

Хүмүүс насны байдал, сонсгол зэргээс шалтгаалан гитар сурч чадах болов уу гэж их асуудаг. 

Гитар тоглож сурахыг чин сэтгэлээсээ хүссэн хэнд ч сонсгол тийм чухал биш.

Гитар гэлтгүй ямар ч хөгжмийг сурах хүсэл, эрмэлзэл байвал бүрэн боломжтой.

Харин суралцах цаг хугацаа нь тухайн хүний хичээл зүтгэл, хандлагаас шууд шалтгаалдаг.

Гитар тоглож сурахад өдөр бүрийн бэлтгэл сургуулилалт тун чухал. Ямар ч хөгжмийг “тултал” нь суръя гэвэл урт хугацааны бэлтгэл сургуулилт хэрэгтэй.

Гитарт дурлаж, тоглож суръя гэсэн хүндээ маш их хугацаа шаардагдах “хэцүү” хөгжим.

Харин зугаагаа гаргая гэсэн хүнд хамгийн амархан хөгжим байж болох юм. 

 Төрөлхийн хөгжмийн сонсголтой, хэмжээтэй хүн бол аливааг сурахад арай хурдан хүлээн авч, сурдгаараа л ялгаатай.

Харин ямар ч хөгжмийн сонсголгүй, мэдрэмжгүй хүнд хүсэл байвал гитар сурах бүрэн боломжтой.

-Гитарыг чанартай, сайн сурахад гол нөлөөлөх хүчин зүйл нь юу байх вэ?  

-Гитар хөгжмийг хэн ч сурч болно.

Хамгийн гол нь өөрөө түүнд сонирхолтой, дуртай байна уу гэдэг чухал.

Сонсголтой, сонсголгүй гэдэг нь суралцахад нөлөөлөх шалтгаан биш.

Тэр байтугай сонсголын бэрхшээлтэй хүн ч гитар заалгаж, сурч байсан тохиолдол бий.

Тэгэхээр хүн суръя гэсэн зүйлдээ хэзээ ч бууж өгөхгүй байх ёстой.

Бууж өгөхгүй байх нь чамайг ямар нэгэн үр дүнд заавал хүргэнэ.

Багахан үр дүнгээс ч хүн урам авдаг шүү дээ.



Гитар тоглож сурахад тохиромжтой нас гэж байдаг уу?

-Бүх насныхан сурах боломжтой. 

Гэхдээ үүнд 6-аас дээш насыг хамаатуулан авч үзнэ. 

Зургаагаас доош насны хүүхдүүд нь гар, хурууны хөгжил, бяд зэргээс шалтгаалан хүндрэл үүсэх талтай.

Тухайн хүний хүлээж авах, идэвх зүтгэл гаргахаас шалтгаалан сурах хугацаа нь л харилцан адилгүй байдаг.

Иймээс хувь хүний темпераментад нийцүүлэн тохирох арга барилаар заах нь зөв.

-Сүүлийн үед эцэг ,эхчүүд хүүхдийг багаас нь хөгжим тоглуулж сургах зорилгоор сургалтад явуулдаг болсон.

Энэ нь магадгүй хүн амын дунд хөгжмийн боловсрол, түүнийг сонирхох эрэлт ихсэж байгаатай холбоотой юу?

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаарал хандуулдаг болсон байна.

Гэхдээ миний бодлоор хүүхэд насанд нь хүүхдээрээ байх боломжийг илүү олгоосой гэж хүсдэг.

Учир нь хүүхдийн хүсэл сонирхолд нөлөөлж, хүчээр хөгжим сургахаар хандах тохиолдол цөөнгүй.

Тэр байтугай хоёр настай хүүхдэд гитар хөгжим сургамаар байна гэж ирж байсан тохиолдол бий.

Энэ бол аль ч талаараа боломжгүй зүйл шүү дээ.

Хөгжим нь хүүхдийг сууж сурах, харах, сонсох, хүлээн авах, төлөвшүүлэх зэрэг эерэг үр дагаврыг дагуулдаг.

Гэвч энэ нь хүүхдэд ачаалал их ирнэ гэсэн үг.

Харин 6-аас дээш наснаас эхлэн хөгжим сурах боломжтой.

Биеийн хүлээж авах ачаалал, аливаа зүйлд анхаарах хугацаа зэрэг нь нас насанд харилцан адилгүй.

Гэхдээ анхаарал хандуулж буй хугацаа нь 15-25 минут байхад түүнээс мэдээллийг хүлээн авч, үр дүнтэй байх минут нь ердөө таван минут байдаг.

Хүүхдийг дургүй байхад нь хүчээр сургалтад явуулах нь эргээд хүүхдийг хөгжимд дургүй болгох эрсдэлтэй.

Иймээс бага насны хүүхдэд дурргүй зүйлийг нь сургахаас илүүтэй хүсэл, сонирхлыг нь дагаж хөгжүүлэх нь чухал.



Гитар сонирхож буй залуус гитараа хэрхэн сонгож авах тал дээр мэдээлэл дутмаг.

Ер нь гитар сонгож авахад юуг чухалчлан харах вэ?

-Сошиал хөгжсөн үед чанартай гитарыг сонгохыг хүссэн хэнд ч хайж, судлах боломж нь нээлттэй байна.

Анх сурч буй хүмүүс хямдхан гитар худалдаж авахад болно гэх буруу ойлголт их байдаг.

Гэхдээ чанартай, сайн гитар худалдан авах нь өөрийн хөгжилд зориулж буй маш том хөрөнгө оруулалт болдог.

Зөв дуугаралт, тохиргоо, стандарттай байх нь илүү гитарыг илүү сайн сурахад түлхэц үзүүлдэг.

Чанартай гитартай байхын давуу тал нь хуруу өвтгөхгүй, өнгө цэвэрхэн дуугардаг, тухайн дуугаралтаас эрч хүч авч чаддаг.

Гитар худалдан авахдаа хэд хэдэн зүйлд анхаарах ёстой. 

Тухайлбал,  гитар хөгжмийн бүх өнгөнүүд цэвэрхэн дуугарч байгаа эсэхийг шалгах, хуруугаараа дарахад өвдөлт байхгүй эвтэйхэн байх, гитарын бүтэн биеийг шалгах гэх мэт. 

Түүнчлэн гитарын хүзүү хэсэгт ямар нэгэн догол байгаа эсэхийг мэдэрч үзэх хэрэгтэй байдаг.



Холбоотой мэдээ