ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Галт тэргэнд “амилсан” ЗҮҮДЭН БОРОО дуу
УрлагАрд түмний сэтгэлд тодоос тод үлдсэн “Зүүдэн бороо” дуу хэрхэн төрсөн тухай сонирхолтой дурсамжийг хүргэж байна.
Хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Энэ миний амьдрал” нэвтрүүлэгт өөрийн амьдралынхаа талаар хуучлахдаа “Зүүдэн бороо” дууны түүхийг болон яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй хэрхэн танилцсан тухайгаа дурсан ярьсан билээ.
Тэрбээр “1987 онд намайг цэргийн ансамбльд байхад хөгжмийн зохиолч П.Хаянхярваа миний дарга байлаа.
Монголын зохиолчдын хорооноос жил болгон зохион байгуулдаг бригадад явах болов.
Надад “Тэнд яруу найрагчид, дуучид явна. Чи баянхуурчаар явна” гэв.
Энэ мэдээг сонсоод би бөөн баяр.
Хөгжмөө аваад галт тэрэгний есдүгээр купедэд очтол Бавуугийн Лхагвасүрэн ахтай таарч, хамт явахаар болсон юм.
Энэ бол миний хувьд маш том хувь заяа байлаа.
Бид хоёр гал тогооны купед суутал миний ард гурван эмэгтэй сууж байна.
Тэднийг Б.Лхагвасүрэн ах олоод харчихаж.
Надад “Ард чинь гурван эмэгтэй сууж байна.
Чи залуу хүн байна эргээд харчих.
Аль эмэгтэй нь чамд таалагдаж байна” гэлээ.
Хүнээс хүн шинжинэ гэдэг маш хэцүү юм байна лээ.
Эргээд хартал дээлтэй гурван сайхан эмэгтэй бид хоёрыг хараад мушилзаад сууж байв.
Гэхдээ намайг танихгүй л дээ.
Б.Лхагвасүрэн ахыг л таньсан байх.
Би “Гурвуулаа л сайхан эмэгтэй байна” гэтэл “Тийм л дээ. Гэхдээ нэг нь онцгой” гэв.
Дахиад харлаа.
Гэтэл дунд талынх нь хүүхэн надад их таалагдлаа.
Тэгээд “Дунд талынх нь хүүхэн арай сондгой юм уу даа” гэсэн чинь “Зөв, чи даалгавраа биелүүлж л байна даа.
Дунд талын эмэгтэйгийн юу нь таалагдсан юм” гэдэг байгаа.
Хэдэн удаа эргэж харлаа.
Сайхан л бол сайхан.
Онцгой юм мэдрэгдээгүй байсан юм.
Гэтэл “За тэгвэл чи нэг тамхи аваад ир. Тэгэхдээ ахиад хараад ир” гэлээ.
Би тамхи авахаар явахдаа ахиад нэг харлаа.
Гэтэл дэндүү онцгой гэмээр тас хар нүдтэй бүсгүй байсан юм.
Эргэж ирээд “Хар гэхэд дэндүү хар нүдтэй охин энэ юм байна” гэв.
Урдаас “Зүйтэй, үүнийг л хэлүүлэх гээд байсан юм” гэж билээ.
Тэгээд л “Зүүдэн бороо” дууны
“Халин халин нисээд ирсэн шувуу,
Харзны усыг элгээн жиндээх ганганаах юм.
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь заяа юм даа” гээд 2 бадгийг нь тэр даруйд нь бичиж билээ.
Б.Лхагвасүрэн ах сууж байхдаа л биччихсэн юм.
Өнөөх гурван эмэгтэйг хажуугаар зөрөхөд Лхагваа ах тэднийг дуудаж байна.
Тэд ирээд өөрсдийгөө танилцууллаа.
Анагаахын их сургуулийг төгсөөд Сэлэнгэ аймаг руу нутаг руугаа буцаж байгаа эмэгтэйчүүд гэнэ.
Гэтэл Лхагваа ах “Гучин минутын дараа манай есдүгээр купен дээр ирж, шинэ дуу сонсоорой” гэхэд тэд “Ямар гоё юм бэ” гэд тас тас хөхрөлдөв.
Би чинь гайхаад “Ямар дуу сонсгох гэж байгаа юм бол” гэж гайхшираад “Лхагва ах та ямар дуу сонсгох гэсэн юм” гэтэл “Чи зохионо. Авьяастай гэсэн биз дээ. Шалгана аа, чамайг” гэсэн юм.
Цаг харсан өнөөх гучин минут нь яваад байдаг.
Өрөөндөө ортол манай хүн дуг хийж байна.
Би “Лхагва ах аа босоорой. Гуравдугаар бадаг нь гараагүй шүү дээ” гэтэл цочиж босоод л
“Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ юм бол доо” гэж бичээд “За болоо, гурван бадаг” гэж билээ.
Би өнөөх бүсгүйчүүдийн нэгдүгээр купений хаалгыг нээтэл хар нүдтэй охин сарны гэрэлд үсээ самнаад, нэг их гоё нүдээрээ харж билээ.
Тэгээд би хаалгыг нь буцаагаад хаасан.
Нэгдүгээр купенээс есдүгээр купен явах хооронд л энэ ая ороод ирж байгаа юм.
Тэр хооронд жижигхэн цаасан дээр хурдан шугамдаж, ноотыг нь бичээд л “Лхагва ах аа” гээд орсон.
“За би хийчих шиг боллоо.
Та нэг сонсоод үз дээ” гээд дуулж байлаа.
Лхагва ахын шүлгээс засах зүйл байдаггүй.
Нэг удаа өөр дууны шүлгийг “Энэ шүлгийг ингэчихвэл яах вэ” гэтэл “За яах вэ, чи миний зүрхний нэг хэсгээс хайчлах гэж байгаа юм байна.
Тэгвэл тэгээ тэг” гэсэн дээ.
Дараа нь бодох нь ээ “Засах зүйл байхгүй” гэсэн санаа байжээ” хэмээн ярив.
“Зүүдэн бороо” дуу галт тэргэнд ийн “амилжээ”.