Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй
Байгаль орчинҮлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй болохыг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаанд тэмдэглэжээ.
Харвардын их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, 66 сая жилийн тэртээ дэлхийд сүүлт одны хэлтэрхий унасны улмаас Чигсулуб тогоо үүссэн байна.
Мексикийн Юкатан хойг дахь Чигсулуб тогоо нь 180 орчим километрийн голчтой юм.
Энэхүү тогоог үүсгэсэн нөлөөлөл нь Цэрдийн галавыг сүйрэлд хүргэж, үлэг гүрвэл болон бусад олон төрөл зүйлийн амьтныг мөхөхөд хүргэсэн хэмээн судлаачид үзжээ.
Сүйрлийн шалтгааныг олон эрдэмтэн солиртой холбон тайлбарладаг бол Харвардын их сургуулийн шинжлэх ухааны профессор Абрахам Лоеб тэргүүтэй судлаачид ийнхүү сүүлт одтой холбоотой гэж үзсэн байна.
Тэдний мэдээлснээр, уг сүүлт од Оортын үүлнээс гаралтай байна.
“Сүүлт од нь голчлон хөлдсөн хийгээс бүрдсэн сансрын хаягдал бол солир нь Ангараг, Бархасбадийн хоорондох Солирын бүсээс түгээмэл олддог чулууны хэлтэрхий юм” гэж “CNN” сувгийн цаг уурын сурвалжлагч Чад Майерс мэдээлжээ.
Судалгаанд дурдсанаар, Чигсулуб тогоог үүсгэх хэмжээний солир унах тохиолдол 350 сая жилд нэг удаа тохиох боломжтой ажээ.
Харин мөн ийм нөлөө бүхий сүүлт од унах нь илүү ховор буюу 3.8-11 тэрбум жилд нэг удаа тохиолдох магадлалтай байна.