Хонгконг ашиглаж амжаагүй 2 сая тун Pfizer вакцинаа хаяна
Ковид-19Хонгконгийн эрх баригчид иргэд нь вакцинжуулалтад идэвхтэй оролцоогүйгээс болж нөөцөлсөн байсан ч хугацаа нь дуусч байгаа вакцинуудаа хаяж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдлээ. Цар тахлын эсрэг вакцинууд анх бүтээгдэж, олноор үйлдвэрлэж эхэлснээс хойш Хонгконгийн эрх баригчид шаргуу ажиллаж, нийт хүн амдаа хангалттай хүрэлцэх хэмжээнээс олон вакцин нөөцөлж авчээ. Гэвч иргэд нь вакцин тариулахыг төдийлөн хүсэхгүй байгаагаас болж өдгөө Хонгконгийн нийт хүн амын 20 хувь л вакцинаа тариулсан байна. Улмаар гурван сарын дараа хугацаа нь дуусах Pfizer/BioNTech компанийн хоёр сая тун вакциныг хаяж ч магадгүй болоод байгаа аж.
Ард иргэд ийнхүү вакцинжуулалтад идэвхгүй оролцож байгаа нь Хонгконгод халдвар бага байгаа болон төрд итгэх итгэл сул байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь 2019 оны ардчиллын төлөөх жагсаал, хөдөлгөөнөөс хойш хонгконгчууд төр засагтаа итгэх итгэл маш их буурчээ. Иймд Хонгконгийн эрх баригчид ард иргэддээ вакцины эхний тунг тариулахад гуравхан сарын хугацаа үлдэж байгааг олон дахин анхааруулж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалсаар байгаа юм. Хонгконгийн эрүүл мэндийн төвийн удирдагч асан Томас Цан “Хугацаа нь дууссан вакциныг яагаад ч хэрэглэж болохгүй. Тиймээс ч вакцины үйлдвэрүүд есдүгээр сараас эхлэн үйлдвэрлэлээ удаашруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэтэл дэлхийн олон оронд вакцин хүрэлцэхгүй хэцүү байхад Хонгконг анхнаасаа бодлогогүйгээр хүн амынхаа тооноос илүү вакцин нөөцөлж, олон сая тун вакцин хог дээр хаях гэж байгаа нь буруу хэрэг” хэмээн ярьжээ.
Хонгконг нийт 7.5 сая хүн амтай бөгөөд нийт 7.5 сая тун Pfizer/BioNTech компанийн вакцин, 7.5 сая тун Sinovac компанийн вакцин нөөцлөн авсан байж. Гэтэл иргэд вакцин тариулах дургүй байгаагаас болж өдгөө нийт хүн амын ердөө 14 хувь нь л вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тэр ч байтугай эмнэлгийн эмч, ажилчид хүртэл вакцинжуулалтад идэвхгүй хандаж байгаа гэнэ. Тухайлбал, Хонгконгийн эмнэлгүүдийн удирдах газрын мэдээлснээр нийт ажилчдынх нь ердөө гурав хуваасны нэг нь вакцин тариулсан гэнэ.
Нутгийн зарим улстөрчид Хонгконгийн эрх баригчдыг хугацаа нь дуусах дөхсөн вакцинуудаа вакцин дутмаг байгаа орнуудад экспортлох хэрэгтэй хэмээн санаачилга дэвшүүлж эхэлжээ.
Эх сурвалж: BBC