СОЛОНГОС КИНО: ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДЭЛХИЙД ТАНИГДАХ ХҮРТЭЛ

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-05-30 09:32:33

БНСУ-ын кино, олон ангит цувралуудыг үзэж байгаагүй хүн тун ховор.

Кино урлагт өөрсдийн гэсэн өнгө аясыг хэдийн шигтгэсэн Солонгосын кино, драмууд жил ирэх бүр чанаржин сайжирч, нэгэн хэвийн байхаасаа илүү хүний мэдрэмжид тулгуурлан хийгдэх болсон.

Тэгвэл энэ удаа азийн төдийгүй дэлхийн үзэгчдийн сонирхыг татаж буй Солонгос киноны хөгжлийн түүхийг зургаар дамжуулан сонирхуулж байна.

Солонгос киноны эхлэл буюу “Эрх чөлөө


1946 онд найруулагч Чой Ин- Гюгийн бүтээсэн “Эрх чөлөө мандтугай!” киноны хэсэг

Солонгост улс 1910 онд Японы колони улс болсноор колоничлолын эсрэг үзэл суртлыг өдөөх кинонууд гарахаас сэргийлж Японы Засгийн газар хүчтэй бодлого явуулсан нь Солонгосын кино урлагийг зогсонги байдалд оруулжээ. 

Харин 1943-194оны хооронд АНУ-ын цэргийн чөлөөлөлтийн үеэр кино урлагаар дамжуулан өөрсдийн үндэсний үзэл суртлыг илэрхийлэх боломж бүрдэж эхэлсэн байна. 

1946 онд найруулагч Чой Ин- Гюгийн бүтээсэн “Эрх чөлөө мандтугай!” кино бол Солонгосын кино урлагийн нэгэн үнэт өв болон үлджээ. 

Тус кинонд Японы колоничлолын дэглэмийг эсэргүүцэж байсан үеийг өгүүлдэг. 

Найруулагч өмнө нь Японы суртал ухуулгын киног албадан шаардлагаар өмнө нь бүтээж байсныхаа хариуд тус киног хийсэн гэж үздэг. 

Солонгос хоёр туйлд хуваагдаж алтан үе тохиосон нь



1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараа Америк, Оросын улс төр, цэргийн бодлогоос коммунист Хойд Солонгос, капиталист Өмнөд Солонгос гэсэн хоёр нийгмийн үзэл сурталд хуваагджээ. Үүний үр дүнд Өмнөд Солонгосын кино үйлдвэрлэлд Засгийн газар хүч хаях болсон гэж үздэг. Энэ үеийг кино урлагийн түүхийн Алтан үе гэж үздэг байна. 1956 оны тавдугаар сард арилжааны өргөн нэвтрүүлгийн HLKZ-TV компани нээгдэв. Анхны кино нь Холваш Холлын түүхээс сэдэвлэн Чой Чан Бонгын найруулсан Death Row Prisoner” хэмээх кино байсан юм.

Алтан үеийн төгсгөлд эрчээ авсан кино урлаг



My Mother and the Roomer” (1962) 
Шин Санг Ок нь 1960-аад оны эхээр Солонгосын кино урлагийн алтан үеийн богино хугацаанд давамгайлсан найруулагчдын нэг байв. 
Тус кинонд бэлэвсэрч үлдсэн эхнэрийг дахин хүнтэй гэрлүүлэх гэж буй тухай өгүүлдэг байна.

Алтан үеийн төгсгөлд буюу 1970-аад онд жилд 200 гаруй кино дэлгэцнээ гарч, 30 сая гаруй ард түмэн нь 170 сая билет худалдан авчээ. 

Энэ үеийн киноноос найруулагч Шин Сан-Окийн “My Mother and the Roomer” (1962), “The Dumb Samyong” (1964), “Rice” (1966) зэрэг кинонууд сонгодогт тооцогдоно.

Кино урлагт цензур тогтоож, уналтын үе тохиов


Генерал Пак Жөн-Хигийн засаглал 1970-аад оноос эхлэн тогтсоноор Солонгосын киноны “Цензур хийгээд суртал нэвтрүүлэг”-ийн үе (1973-1979) тохиосон байна. Кино уран бүтээлчдэд үзэл суртлын дуу хоолой болох шахалт тулгарчээ. Энэ үед найруулагч Ким Ки Ён “Гэрийн үйлчлэгч” киногоор реалист авторын статусаас татгалзаж, уран зөгнөлт-аймшгийн мелодрам кинонууд бүтээж эхэлсэн байна. Цензүрийн үеийн дараагаас буюу 1980 оноос Солонгосын кино урлаг жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлсэн байна. 

Артхаус кино урлаг хүчээ авсан нь



Найруулагч Им Вон Тэгийн бүтээл "Seopyeonje" (1993)

Солонгосын кино урлаг дахин сэргэж “Seopyeonje” нээлтээ хийсэн байна. 

Энэ нь 1940-өөд оны эхэн үеэс хойших Солонгосын анхны орчин үеийн арт-хаусын сонгодог бүтээл гэдгээрээ алдаршжээ. 

Өмнөд Солонгос улс ардчилсан тогтолцоот орон болсон 1990 оноос артхаус кино урлаг эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн юм. 

Төр засаг ч Үндэсний кино урлагаа дэмжиж кино театрууд жилд дор хаяж 146 өдрийг Үндэсний кинондоо зориулах квот тогтоож байжээ.

Хайр дурлалын ээдрээ болон хүмүүсийн сэтгэл зүйг судалж эхлэв



" The Power of Kangwon Province" (1998)
​​​​​

Хайр дурлалын ээдрээний тухай өгүүлэхийн зэрэгцээ Солонгосын үзэсгэлэнт далай, уулархаг газруудыг харуулахын зорьсон байна. 

АНУ-д боловсрол эзэмшсэн найруулагч Хонг Санг Сүг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд тохиолддог эмх замбараагүй харилцааг судалж үзсэний үр дүнд найруулсан байна.

Солонгосын Арт хаус кино дэлхийн үзэгдэл боллоо



Найруулагч Ким Ки Дукийн бүтээл "Spring, Summer, Fall, Winter ... and Spring” (2003)

Азийн санхүүгийн хямрал 1997 онд тохиож, хямралын дараа үндэсний хэмжээний корпорациуд кино зах зээлд бодит хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэх болсон тул шинэ кино комданиуд мэндэлж, кино бүтээх үйлдвэрлэл дэлхийн түвшинд хүрчээ. 

Энэ үед Солонгосын Арт хаус кино дэлхийн үзэгдэл болсон тул найруулагч Ким Ки Дукийн “Арал” (2000), “Муу залуу” (2001), “Хавар, Зун, Намар, Өвөл... Ахиад хавар” (2003) зэрэг бүтээлүүд хит болжээ.

Өвөрмөц этгээд бүтээлүүдийн эзэн Бон Жүн-О найруулагч



“Memories of Murder" (2003)

Бон Жүн-О найруулагчийн бүтээлүүд ихэвчлэн хоёрдмол утга санааг илэрхийлдэг. 

Тэрбээр чир билүүлэг үйл явдал хийгээд санаанд оромгүй тайллаар зохиомол болон бодит амьтнаар төлөөлүүлж хүмүүний амьдрал, нийгмийн асуудлыг илэрхийлдэг байна. 

Цэвэр үндэстний хэв шинжийг агуулсан бүтээлээр нь “Memories of Murder, 2003” киног нь нэрлэж болно. 

Өдгөө 50 настай найруулагчийн бүх кино их бага хэмжээгээр амжилтанд хүрсэн бөгөөд хамгийн цуутай нь Оскарын шагнал хүртсэн “Parasite” кино юм.



"Parasite" (2019)

Австралид болсон нэгэн үзвэрийн дараа үзэгч түүнээс “Киноны утга нь яг юу юм бэ? Хэн нь шимэгч юм бэ?” гэж асуухад тэрээр “Энэ зүгээр л нэг гэр бүлийн тухай кино л доо” гэж хариулж. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ тайлбарлах дургүй байх нь бий. "Parasite" киноны далд утга санаа болон жижиг элеметүүдийн тухай кино шүүмжлэгчид одоо ч олон талын таамаг дэвшүүлж байгаа юм. Өмнөд Солонгосын кинонуудын олсон ашиг сүүлийн 15 жилийн хугацаанд огцом өсчээ. 2004 онд тус улс кино урлагаас нийт 440 тэрбум буюу 370 сая ам.долларын орлого олсон байна. Харин 2019 оны хувьд нийт орлого 1,91 их наяд вон буюу ойролцоогоор 1,61 тэрбум ам.доллар болж өссөн байна. 

Солонгос цуврал кинонууд олон улсын үзэгчдийг татах болов



“Dae Jang Geum” (2003)

Солонгосын хамгийн алдартай түүхэн кино болох найруулагч Ли Бён Хоны найруулж, Ким Ён Хуны бичсэн энэхүү кино “Дэ Жангум” нь хамгийн анх 2003 оны есдүгээр сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл БНСУ-ын "MBC" телевизээр олны хүртээл болж байв. Хожим энэ киног нийт 91 орон руу экспортлож, нийт 103.4 сая ам.долларын ашиг олсон байна. Киноны төгсгөлд эгшиглэдэг “Онара” нэртэй дууг тухайн үед Солонгосын классик хөгжимд суралцаж байсан бага сургуулийн гурван охин дуулсан аж. Дууний үгийг орчуулж үзвэл “Хэрвээ би түүнийг ирээч гэж гуйсан бол тэр ирэх байсан болов уу, Хэрвээ би түүнийг яв гэж гуйсан бол тэр явах байсан болов уу” гэх эхлэх бөгөөд хамтдаа байж чадахгүй хүмүүсийн тухай өгүүлсэн хайрын дуу байна.

Өшөө авалт хайр дурлалыг хослуулагч зохиолчийн алдарт цувралууд



Кино зохиолч Ким Сон Ок нь 1971 онд төрсөн бөгөөд 000 онд МВС кино зохиол сонирхогчдын наадмаас шилдэг зохиолчын шагнал, 2014 онд шилдэг зохиолчын шагнал хүртэж байсан. Анх 2007 онд 138 ангит “Гэхдээ л таалагддаг”, 2008 онд 129 ангит “Эхнэрийн урхи” кино зохиол, 2009 онд 21 ангит “Сахиусан тэнгэрийн урхи”, 2010 онд 50 ангит “Ээжийн инээмсэглэл”, 2014 онд “Жан Бури ирлээ”, 2015 онд “Миний охин Ким Савол”, 2017 онд “Эгч дүүсийн хамтлаг”, 2018 онд “Сүүлчийн хатан”, 2020 онд “Пентхаус” зэрэг кино зохиолуудаа дэлгэцнээ амилуулсан амжилттай яваа зохиолч юм. Түүний алдартай бүтээлүүдийн нэгд “Эхнэрийн урхи” зүй ёсоор тооцоогддог бол сүүлд зохиосон “Пентхаус” нь хэд дахин хурц үйл явдалтай, нарийн уялдаа холбоо, гэнэтийн эргэлтээрээ илүү алдартай болсоор байна.

"Netflix" солонгос кино, цуврал бүтээхэд 500 сая доллар зарцуулна



"Netflix" энэ жил солонгос кино, цувралууд бүтээхэд нийтдээ 500 сая орчим доллар зарцуулахаар төлөвлөж байна. 

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын кино, олон ангит кино дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа бөгөөд тус видео стримингийн платформ өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтийг мэдэрч, Азийн контентуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа юм. 

Netflix сүүлийн хэдэн жилд 200 гаруй оргинал ази кино, цувралууд бүтээжээ. 

Үүний үр дүнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 9.2 сая хэрэглэгч шинээр нэмжээ. 

Тэдний олонхыг Австрали, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгосын хэрэглэгчид бүрдүүлж байна.






Холбоотой мэдээ