Сайн, муу талтай Төв банкны "өршөөл"
Эдийн Засаг2016 онд гар утас мобикомоос лизингээр авсан найз маань зээлээ хугацаа хожимдож төлсөн ч өнөөдрийг хүртэл Монголбанкны “хар жагсаалт”-д хадаатай яваа.
Дөрвөн жилийн хугацаанд ямар нэг зээл авч чадахгүй, хар жагсаалтад орсон учраас зээл олгохгүй гээд банк ч, банк бус ч халгаахгүй байсан.
Ингэж явсаар одоо УИХ-ын даргын хэлсэнчлэн одоо төрийн өршөөлд хамрагдаж, хар данснаас албан ёсоор хасагдахаар болов.
Ажилласан байгууллага нь гурван сарын турш цалин олгоогүй тул орлогын эх үүсвэргүй болсон иргэн байхад цар тахлын улмаас аж ахуй нэгжийнх нь үйл ажиллагаа зогсонги байдалд орж, бизнесийн зээлээ төлж чадаагүй аж ахуй нэгжүүд ч байх.
Мэдээж зээлдэгч тал санхүүгийн сахилга батыг сахиж, ирээдүйд олох орлогоо тооцоолсны үндсэн дээр зээл авах ёстой.
Гэхдээ урьдчилан тооцоолоогүй шалтгаанууд, цар тахал гээд хувь хүнээс шалтгаалахгүй олон асуудал, бэрхшээл бий
Яг ийм л асуудалтай, зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, эсвэл төлөөгүй ийм л иргэдийг Монголбанк дахин зээл авах боломжгүйгээр “хар жагсаалт”-даа оруулдаг.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголбанканд бүртгэлтэй 71 мянган иргэний хар жагсаалтыг харагдахгүй болгох тохируулга хийе гэж байгаа юм.
Түүнчлэн зээлээ төлсөн бизнесийн байгууллагуудын хар жагсаалтыг тэглэе.
Энэ бол өршөөл биш.
Тохируулга юм.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад иргэд болон аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн санд байгаа хар түүхийг тэглэж байна.
Харин цаашдаа зээлийн эргэн төлөлтөө томтмол төлж байгаарай.
Цаашид зөрчил гаргавал өмнөх түүхийг нь сэргээж гаргана.
Энэ бол татварын өршөөл биш шүү” гэдгийг мэдэгдсэн.
Түүний хэлсэнчлэн албан ёсоор Төв банкны Ерөнхийлөгчийн тушаал гарна, тэгж байж муу зээлдэгчдийн мэдээлэл арилна гэсэн үг.
Монголбанкны хар жагсаалтыг 1997 оноос эхлүүлж, арилжааны банкуудын зээл өгөхдөө анхаардаг гол шалгуур үзүүлэлтийн нэг болсоор ирсэн.
Иргэд, аж ахуй нэгж арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон үүрэн холбооны операторуудаас авсан зээлээ цаг хугацаанд нь гэрээний дагуу төлж чадаагүй бол шууд хар жагсаалтад орно.
2017-2018 оны хооронд 80 876 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байжээ. Харин энэ удаад 72 мянган иргэний, 100 саяас доош төгрөгийн зээлтэй аж ахуй нэгжийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлнэ.
Төв банкны Зээлийн мэдээллийн санд “хар данс”-тай болсон бол зээлээ төлж барагдуулснаас хойш зургаан жилийн дараа зээлийн мэдээллийн лавлагаанд тэр түүх тань тусгагдахаа больдог аж.
Хэдийгээр зээлийн сөрөг түүхтэй иргэн, аж ахуй нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байхгүй ч, банк санхүүгийн байгууллагууд Зээлийн мэдээллийн сан дахь тухайн иргэний зээлийн мэдээллийг шууд харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг бичигдээгүй хууль манайд тогтчихсон.
Сovid-19-ийн цар тахлын үед улсаас эдийн засгаа дэмжих шат дараалалтай арга хэмжээ авсны нэг нь зээлдэгчдэд дэмжлэг үзүүлэх.
2020 оны гуравдугаар сард Монголбанк ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс долдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй “түр хугацааны” зээлийн ангиллын журмыг баталсан.
Ердийн нөхцөлд зээлдэгч 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлснээр “саарал” жагсаалтад багтдаг байсан бол долдугаар сарын 31-ийг хүртэл тус хугацаа хэтрэлийн нөхцөлийг зөөллөсөн.
Гэвч энэ удаад covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүдийн орлого буурсан, орлогоо сайжруулах сонирхолтой иргэд байгаа учраас төрөөс 71 мянган иргэн, 100 саяаас доош төгрөгийн зээлтэй аж ахуй нэгжүүдийн мэдээллийг устгаж, “хар жагсаалт”-аас хасах юм байна.
Бүр тодруулбал, бизнес эрхлэгчид, иргэдийн зүгээс хар жагсаалтад орсон тохиолдолд өршөөл үзүүлэх асуудлыг Монголбанкинд удаа дараа тавьж байсан бөгөөд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаг үедээ тааруулан ийн өршөөл үзүүлэв.
Хар жагсаалын өршөөлд хамрагдсан иргэд дахин хар жагсаалд орвол түүний мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил байхаар зохицуулалттай болж байгааг ч Төв банкныхан сануулав.
Төв банкны энэ удаагийн өршөөлийг ч гэсэн зээлээ хугацаанд нь төлдөг иргэн, аж ахуй нэгжүүд эсэргүүцэж байгаа.
Тэдний ч зөв. Ямар ч хүнд, хэцүү цаг үед зээлээ хугацаанд нь төлж ирсэн олон иргэн, аж ахуй нэгжүүд бий.
Тиймээс иргэд ч бас санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, зээл авахдаа эрсдэлээ тооцож байх шаардлага ч тулгарч буй.