Их Британийн насанд хүрсэн хүн амын 75 хувь нь вакцин хийлгэжээ
Ковид-19Их Британийн насанд хүрсэн хүн амын дөрөвний гурав нь коронавирусний вакцины эхний тунд хамрагдаад байна гэж тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдээлэв.
Тодруулбал, насанд хүрсэн хүн амын 75.2 хувь нь коронавирусний вакцины эхний тунд, 49.5 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан байна.
Дэлхийд вакцинжуулалтын хурдаараа тэргүүлж буй орнуудын нэг болох Их Британи насанд хүрсэн хүн амаа дархлаажуулахын сацуу вирусний илүү хурдан халдварладаг хувилбарын тархалттай тэмцэж буй юм.
Сүүлийн үед Их Британид шинээр илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнхийг Энэтхэгт анх илэрсэн шинэ хувилбар эзлэх болжээ.
Их Британид коронавирусний вакцинжуулалтыг 12 дугаар сараас эхлүүлснээс хойш халдварын шинэ тохиолдол, нас барсан хүний тоо ихээхэн буурч байсан юм.
Гэвч сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо дахин нэмэгдэх болоод байна.
Тухайлбал, лхагва гарагт улсын хэмжээнд халдварын 4330 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 35 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Харин халдвараар нас барсан тохиолдлын тоо цөөн хэвээр байгаа бөгөөд мягмар гарагт ийм тохиолдол бүртгэгдээгүй юм.