Францад 12-18 насныхныг вакцинжуулж эхэлнэ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-03 12:06:56


ПАРИС. /Euronews/. Францад зургаадугаар сарын 15-наас 12-18 насны хүүхдүүд “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой болно гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт мэдэгдэв.


Францад насанд хүрсэн хүн амын 50 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан талаарх мэдээлэл гарсны дараахан Э.Макрон ийнхүү мэдэгджээ. 


“Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Габриэль Атталь энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм. 


Гэвч Францын Ерөнхийлөгч сонор сэрэмжтэй хэвээр байхыг иргэдээсээ хүсээд, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулахгүй байхыг уриалсан байна. 


Европын Эмийн агентлаг “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөнтэй холбоотойгоор Европын Холбооны орнууд өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах аяныг эхлүүлээд байна. 


Тухайлбал, Румынд лхагва гаргаас 12-15 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлжээ. Мөн Италид “Pfizer-BioNTech”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт олгосон байна.


Герман улсын хувьд 12-16 насныхныг зургаадугаар сарын 7-ноос вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа бол Польшид тухайн өдрөөс 12-15 насныханд вакцин хийлгэхийг санал болгож эхэлнэ. 


Гэвч чинээлэг орнуудад хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байхад дэлхийн олон орон өндөр настай, эмзэг бүлгийн хүн амаа вакцинд хамруулж чадаагүй байгаа нь шүүмжлэл дагуулах болоод байгаа юм.


Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүүхдүүдийг вакцинжуулахын оронд “COVAX” хөтөлбөрт вакцинаа хандивлахыг чинээлэг орнуудад уриалж байна. 

Холбоотой мэдээ