Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-06 05:51:15

Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. 

Харин эрүүл энх явахын үндэс нь цэвэр агаар юм. 

Хүн хоол ундгүйгээр хэчнээн өдрийг тэсвэрлэж чадах боловч хүчил төрөгчгүйгээр хэдэн хормыг ч өнгөрөөх боломжгүй юм. 

Эрүүл хүнд дунджаар нэг цагт 500-600 литр хүчил төрөгч хэрэгцээтэй байдаг. 

Харин дасгал хийх, биеийн хүчний ажил хийх зэрэг үед хүчил төрөгчийн хэмжээ 40-50 дахин нэмэгддэг. 


Агаарын бохирдол үүсгэгч тоос шороо, тоосонцор, биологийн молекул зэрэг нь дэлхийн агаар мандалд нэвтрэн орж ирснээр хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Бохирдлыг дотор нь байгалийн гаралтай болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн 2 ангилдаг. Галт уулын дэлбэрэлт, сул шороо, салхи шуурга зэргийн улмаас үүссэн агаарын бохирдлыг байгалийн гаралтай гэх ба үйлдвэрлэл, машины хорт утаа, нүүрсний улмаас үүсдэг бохирдлыг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол гэх ба энэ нь байгалийн гаралтай агаарын бохирдлоос илүү хор хөнөөлтэй байдгийг судлаачид тогтоосон байдаг.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цэвэр агаар хамгийн чухал хэрэгцээтэй болж буйг илтгэх 3 шалтгааныг танд танилцуулъя.

1. Авто тээврийн тоо жил ирэх тусам ихсэж байна


Агаарын бохирдолд тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станц, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйгаас гарч байгаа бохирдол болон гэр хорооллын айлуудын яндангийн утаа ихээр нөлөөлдөг. 


Эдгээр агаарыг бохирдуулж буй хүчин зүйлийн 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг.

Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхий даяар маш олон хүмүүс ногоон амьдралын хэв маягийг эрхэмлэж, цахилгаан машин унан, унадаг дугуй хэрэглэж, бензин хөдөлгүүрт томоохон машинуудаас татгалзахыг уриалаад байгаа билээ.

Тухайлбал, Оскарын шагналт Леонардо Ди Каприо цахилгаан машин болох Tesla Roaster, Fisker Karma, Toyota Prius зэргийг хөлөглөж бусдад ч мөн hybrid машин унаж байгаль орчин, цэвэр агаарыг бохирдуулахгүй байхыг сурталчилдаг.

Тэрээр машины хорт утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг тухай өөрийн илтгэлдээ дурджээ.

2. Агаарын бохирдлоос шалтгаалан нас барагсдын тоо ихсэж байна

10 жилийн өмнөх судалгаагаар дэлхий даяар агаарын бохирдлоос болж нийт 223'000 хүн уушгины хорт хавдраар өнгөрчээ.

Ялангуяа их хүн амтай, аж үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа орны иргэд ихээр өвчилж байгаа нь олон хүмүүсийн санааг зовоосоор байна. Байгаль орчны эрүүл мэндийн шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн хэмжээнд  нийт нас баралтын 16% нь агаарын бохирдлоос үүдэлтэй болоод байна. 

3. Цэвэр агаарыг худалдан авч байна


Өнгөрсөн онд Лео де Ваттс хэмээх Англи залуу Британийн цэвэр агаарыг 1 шилийг нь 80 паундаар Хятад иргэдэд худалдаалснаас хойш ердөө хэдхэн долоо хоногийн дотор хэдэн мянган фунтын ашигтай ажиллаж чаджээ. 

27 настай Лео тэрээр Британийн хөдөө нутгийн цэвэр агаарыг цуглуулан шилэнд хийж, Шанхай, Бээжин зэрэг агаарын бохирдол өндөртэй хотуудад  амьдарч буй чинээлэг элит иргэдэд цэвэр агаарыг худалдаалсны дараа интернетээр цэвэр агаарыг хэрхэн зарж, борлуулах, ямар саванд хийх болон навч, цэцэг, усыг шингээх зэрэг арга техникүүдийг заасан мэдээлэл олон нийтэд цацагдсан. 

Энэ нь агаарын бохирдолтой хотуудад цэвэр агаар маш хэрэгцээтэй болж буйг бүрэн илтгэж байна.

Хамгийн сүүлийн байдлаар Улаанбаатар хот Бээжингээс 4 дахин их бохирдолтой байгаа нь тогтоогдсон. 

Тиймээс агаарын бохирдлоос өөрийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын тулд, салхинд гарч, агаарын шүүлтүүр бүхий амны хаалтыг байнга хэрэглэхээс гадна ногоон байгууламж, цэвэр цэнгэг агаар бүхий бүсийг сонгон амьдрахыг танд зөвлөж байна. 



Холбоотой мэдээ