Зээлжих чадамж сайтай улс байхын ашиг

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-06-10 15:01:46

Аливаа улсын зээлжих зэрэглэл сайн байх нь дэлхийн санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх томоохон боломж байдаг. 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч /Fitch/ агентлаг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэд хэдэн үндэслэлээр дүгнэн зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвт байгааг зарлаад байгаа юм. 

Манай улс зээлжих зэрэглэлээ 1999 оноос олон улсад нэр хүндтэй Эс энд Пи /S&P/, 2005 оноос Фитч /Fitch/, Мүүдис /Moodys/ агентлагуудаар тогтоолгож ирсэн. 

Фитч агентлагаас 2021 оны тавдугаар сарын 25-нд манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “В”, харин төлөв “тогтвортой” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зээл эргэн төлөх чадвараа одоогийн байдлаар асар муу биш хэмжээнд байгаа хэмээн тогтоолгоод байна. 

Тухайн улсын зээлжих зэрэглэл нь аж ахуйн нэгж байгууллагуудынхаа зээлжих зэрэглэлд ихээхэн нөлөөтэй. 

Мөн гадаадын хөрөнгө оруулагчид болон бусад олон улсын байгууллагууд зээлжих зэрэглэлийг нь хамгийн түрүүнд харж байж хамтын ажиллагаагаа эхлүүлэх эсэхээ шийддэг. 

Тиймээс цар тахлын энэ хүнд үед улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдлаа муугүй хэмжээнд үнэлүүлсэн нь амжилт болоод байна. 

Гэхдээ манай аваад байгаа “В” дүн бол дээрх агентлагийн зэрэглэл тогтоох түвшингүүдээс нэлээд доогуур эрэмбэлэгдэнэ. 

Хамгийн муугаас арай дээхнүүр байгаа ч энэ нь одоохондоо “чамлахаар чанга атгах” сайн үзүүлэлт.


Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь эдийн засаг, санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд, улс төр нийгмийн байдлын шалгуур үзүүлэлт. 

Харин тухайн улсын эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын ерөнхий байдал ямар хэмжээнд байгааг зээлжих зэрэглэлийн төлөв харуулдаг. 

Юутай ч энэ удаад үнэлгээ, төлвөө өмнөхөөс дордуулсангүй авч үлдлээ. 

Өнгөрсөн оны энэ үед Мүүдийс /Moody`s/ олон улсын үнэлгээний байгууллагаас үнэлгээ B3, төлөв сөрөг гэж дүгнэсэн. 

Харин 2021 оны гуравдугаар сард үнэлгээ В3, төлвийг тогтвортой болгон ахиулаад байсан юм. 

Хэрэв яг ийм хэцүү үед зээлжих зэрэглэлээ бууруулсан бол гадаад зэх зээлээс санхүүжилт босгоход зардал өсөх нь тодорхой. 

Мөн хөрөнгө оруулагчдын итгэх итгэл буурах, зээлийн хүү өндөр байх гэх мэт сөрөг үр дагаврууд гардаг. 

Ийм эрсдэл хүлээхгүйн тулд бодлого боловсруулагчид ихээхэн хүчин чармайлтыг байнга гаргах шаардлагатай байдаг. 

Үүнд хувийн салбарынхны оролцоо ч ихээхэн үүрэг нөлөөтэй. 

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг ихээр татаж, зээлийн хүүг бага түвшинд тогтоож дэлхийн санхүүгийн зах зээлд ашигтай оролцогч байя гэвэл дээр доргүй бүх түвшиндээ хүчээ гаргах хэрэгтэй байдаг байх нь.  

Энэ удаагийн зэрэглэл тогтоосон дүгнэлтээс үзэхэд манай улсын засаглал болон нэг хүнд ногдох орлого нь ижил түвшинд үнэлэгдсэн бусад улс орнуудтай харьцуулахад сайн байсан аж. 

Үүний хажуугаар мөнөөх л улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үнэлгээ дээшлүүлэхэд саад болжээ. 

Энэ онд эдийн засгийн сэргэлт бий болно гэсэн төсөөлөл, засгийн газрын өр болон ДНБ-ий харьцааг үндэслэж тогтвортой төлөвт үлдээсэн байна. 

Дэлхийн хэмжээнд улс орнуудын зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурах хандлагатай, эдийн засгийн ноцтой эрсдэл хүлээх хэмжээнд байна. 

Манай улсын хувьд уул уурхайн салбарын хүч нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 2021 оны эхний байдлаар 15,5 хувьтай болоод буй. 

Тус салбарт тулгамдаад байгаа бүтээгдэхүүн экспортод саад болж буй хилийн хаалт хязгаарлалт нь түр зуурынх гэж үнэлгээний байгууллага үзсэн. 

Мэдээж хэрэг зөв удирдлага зохион байгуулалт, цар тахлын үеийн ухаалаг шийдвэрүүд чухал.  

Вакцинжуулалт, хөл хорионоос аль болох татгалзаж буй байдал, санхүүгийн дэмжлэгийг өрх болон аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад бололцооны хэрээр үзүүлж байгаа нь эерэг дүгнэлтэнд хүргэж байгаа аж. 

Энэ мэт үйл ажиллагаа нь ирэх улирлуудад дотоодын эдийн засгийн байдал сэргэхэд түлхэц болно гэсэн байна. 

Өнгөрсөн онд Монгол банк бодлогын хүүгээ түүхэн доод хэмжээндээ буюу 6 хувь болгосон, банкууд зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулан сунгасан, Засгийн газраас гаргасан 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлийг олон салбарт олгосон зэрэг нь үнэлгээнд сайнаар нөлөөлж байна. 

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар эдийн засгаа унагахгүй байх олон арга хэмжээ авч байгаа нь ийнхүү зөв алхам болж байгааг олон улсын байгууллага тодорхойлов. 

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, зээлийн эргэн төлөлт найдвартай байдал юу юунаас чухал. 

Зээлжих зэрэглэл нь улс орны эдийн засаг, хувийн салбарын хөрөнгө оруулалтын орчинд шууд нөлөөлдөг гэдгийг салбарын судлаачид хэлдэг. 

Зарим тохиолдолд бүр “эрсдэлтэй” гэсэн ангилалд хүртэл орчихдог манай улсын хувьд цаашид зэрэглэл дээшилж “анги дэвших” боломж эрэлхийлсэн бодлого хэрэгтэйг олон улсын байгууллагууд анхааруулж зөвлөдөг. 

Зэрэглэл доогуур байх тусам гадны хөрөнгө оруулагчдын айдсыг дагуулах, хөрөнгийн эх үүсвэр орж ирлээ ч өндөр хүүтэй, богино хугацаатай байх нь ойлгомжтой. 

Мөн банкны зээлийн хүү өндөр байх шалтгаан болдог. 

Зээлийн хүү өндөр байна гэдэг нь зээлдэгч аж ахуйн нэгжүүд болон тэдний бизнесийн үйл ажиллагаанд хангалттай дэмжлэг болохгүй. 

Эдийн засгийн болоод хууль эрх зүйн таатай биш орчин, улс төрийн байдал тогтворгүй зэрэг байнгын тодорхойлолт манай улсын гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хааж байдаг. 

Учир нь зээлжих зэрэглэлийг тогтооход энэ бүх үзүүлэлтүүд чухал байр суурь эзэлдэг. 

Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллага сайн үзүүлэлттэй байсан ч улсынхаа зээлжих зэрэглэлээс нэр хүнд болон бизнесийн итгэл төрүүлэх байдлаараа бүрэн хамааралтай байдаг байна. 

Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлд улсын нэр хүнд, оролцоо өндөр зэрэглэлд байх тусам тэр хэрээр дотоод дахь бизнесүүд илүү далайцтай хөгжих боломж нээгддэг гэсэн үг юм. 

Ташрамд дурдахад 2014-2016 онуудад Монгол Улсын зээлжих зэрэглэл эрчимтэй буурснаас Засгийн газраас гаргасан бондуудын хүү ихээхэн өсч байсан юм. 

2016 онд Caa1 буюу түүхэндээ хамгийн муу түвшинд дүгнэгдэж байсан бол 2007-2013 онуудад хамгийн сайн үнэлгээг авсан байдаг.

Холбоотой мэдээ