Пакистаны Пунжаб муж коронавирусийн эсрэг вакцин тариулаагүй иргэдийн гар утсыг хаахаар болов
Ковид-19Пакистан улсын хамгийн их хүн амтай Пунжаб мужийн эрх баригчид хүн амаа арваннэгдүгээр сараас өмнө бүрэн вакцинжуулж дуусгахаар ажиллаж байгаа юм.
Тус мужид коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аян гуравдугаар сард эхэлсэн ч явц нь удаан байна.
Тиймээс мужийн захиргаа вакцин тариулаагүй хүмүүст хатуу арга хэмжээ авахаар болсноо зарлажээ.
Тодорхой хугацааны дараа вакцинжуулалтад хамрагдаагүй үлдсэн иргэдийн гар утасны СИМ кардыг идэвхгүй болгох арга хэмжээг авахаар болсон байна.
“Бид ард иргэдээ бүрэн вакцинжуулахын тулд бүхнийг хийж байна. Вакцинжуулалтаас зугтсан хүмүүс бусдын амь насыг эрсдэлд оруулахыг мужийн захиргаа яасан ч зөвшөөрөхгүй” гэж Пунжабын эрүүл мэндийн сайд Ясмин Рашид орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Шийдвэрийг Пакистан улсын цар тахалтай тэмцэх үндэсний хороонд танилцуулж, зөвшөөрөл авсны дараа хэрэгжүүлэх юм байна.
Пунжаб муж ганцаараа хүн амаа вакцинжуулахын тулд ийм хатуу арга хэмжээ аваагүй юм. Пакистаны Синдх муж вакцинжуулалтад хамрагдаагүй төрийн албан хаагчдын цалинг олгохоо түдгэлзүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Russia Today