С.Амарсайхан: Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлана
Ковид-19УИХ-аас батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өнөөдөр /2021.06.15/ хуралдлаа. Хуралдаанаар Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
"COVID-19-ИЙН ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТ, ДААТГАЛД ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
-Нөхцөл байдалдаа сайн дүн шинжилгээ хийх ёстой. Бүтэн хоёр жил шахуу дөвчигнөлөө. Нэгдүгээрт, вакцины бодлогоо гаргаач ээ гэж ҮАБЗ-д би хэлсэн. Энэ тэндээс айлуудын хаяж өгсөн вакциныг иргэддээ хийсэн. Одоо бид өвчлөлөөр тэргүүлж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль халдварын тархалтад нөлөөлсөн.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Нэгдүгээрт, эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдаж байна. Эмнэлгийн ачаалал илүү хүндэрнэ. Насанд хүрсэн нийт хүн амын 60 хувь буюу 750 мянган иргэн давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын ажил бүрэн дуусаагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. Вакцин хийлгээд тайвширч болохгүйг мэргэжлийн байгууллагаас сануулсаар ирсэн. Хүн амын 36.5 хувь буюу нэг сая гаруй хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Энэ долоо хоногт 12-17 насны хүүхдүүдийг "Файзер" вакцинд хамруулна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР:
-Нөхцөл байдал хүндэрлээ. Нас баралт нэмэгдэж, эмнэлгийн ор эмчилгээ, үйлчилгээ нөөц хүндрэлтэй байна. Засгийн газраас нэн ялангуяа эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай. Үнээ бууруулж, даатгалд хамруулах хэрэгцээ шаардлага байна. Халдвар авсан хүн гэрээр хяналтад орох үед нэг хүн 150-250 мянган төгрөгөөр эм бэлдмэл авах боллоо. Үүнд Эрүүл мэндийн сайд хариулж болох уу. Эмч нарын ачаалал, өвчлөл цалин хангамж талаас асууя. Хүүхдийн өвчлөл нэмэгдээд эхэллээ.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Вакцины дархлаа тогтоц буюу нийт халдвар авсан 70 гаруй мянган иргэний арван хувь нь вакцинд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон хүмүүст буюу дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Эмийн ханган нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийдэг асуудал байж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал, хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
"ОХУ-ААС II ТУНГ ХЭЗЭЭ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ ХАРИУ ӨГӨӨГҮЙ"
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:
-Гэрээр эмчлэх журмыг энэ оны хоёрдугаар сараас шинэчлэн баталсан. Шинж тэмдэг батлагдсан, шинж тэмдэггүй болон, шинж тэмдэгтэй боловч эрсдэл багатай хүмүүст гэрээр вирусийн эсрэг эм олгож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн тогтмол тандалт хийж байна. Сovid-19-ийн эмийн үнийг барих талаар вирусийн эсрэг эмийг компаниуд харилцан адилгүй үнэтэйгээр оруулж ирж байна. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлсэн асуудал гарч буй учраас нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлэг, ямар үнэтэйгээр зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд болон яамны цахим хуудсаар ил тод зарлах шийдвэр гарсан.
Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар өрхийн эмнэлгийг санхүүжүүлэх тарифыг баталсан. 2021 он гарснаар Сovid-19-ийн хариу арга хэмжээнд оролцсон нийт эрүүл мэндийн салбарын ажилчдад илүү цагийн урамшуулал дээр 12.8 тэрбумыг олгосон. ХӨСҮТ-д 2.7 тэрбум, Зоонозын өвчин судлалын төвд 294 сая төгрөг, Нийгмийн эрүүл мэндийн төвд 249 сая гэх мэтээр олгосон. Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор халдвар авсан болон улаан бүсэд ажиллаж буй хүмүүст урамшуулал 2.5 тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан.
ОХУ-аас ямар хугацаанд хоёрдугаар тунгаа нийлүүлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна.
ЯПОНД ШИНЖИЛГЭЭ ХИЙГДСЭН 20 СОРЬЦОД ИХ БРИТАНИЙН ХУВИЛБАРТ БАЙДАГ НЭГ ГЕНИЙН МУТАЦИ ДАВХАР ИЛЭРСЭН
ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР: Сovid-19-ийн чиглэлээр хэд хэдэн судалгаа хийж байна. Япон, БНСУ руу манай улсад тархаад байгаа тохиолдлуудаас тодорхой тооны сорьцууд явуулсан.
Япон улсад хийсэн генийн дарааллыг тогтоох 20 сорьцод мутацийн хэлбэрүүд гарсан. Вирусийн хувьсалд улс хамаарахгүй өөрчлөлт байнга ордог. Судалгаа хийгдсэн 20 сорьцод анх Уханьд гарсан вирусийн хэлбэрээс өөрчлөлт гарч байгаа тухай сар гаруйн өмнө нийтэд танилцуулж байсан. Генийн дарааллыг судлах шинжилгээг өргөн дэлгэр хийх боломжгүй учраас сүүлийн гурван сараас хойш гарсан тохиолдлуудаас 50 сорьцыг тавдугаар сарын 26-нд Япон улс руу чартер нислэгээр явуулсан. Одоо хариуг хүлээж байна.
Гуравдугаар сараас хойших дээрх тохиолдлуудад ямар хувьсал, өөрчлөлт гарсныг тодорхойлох судалгаанууд үргэлжилнэ. Манай улсад энэ шинжилгээг хийхээр төлөвлөж буй ч цаг хугацааны хувьд хоцорч байна. ДЭМБ-ын санхүүжилтээр энэ үйл ажиллагаа хийгдсэн.
Өнөөдрийн байдлаар PCR-т суурилсан зарим мутацийн хэлбэрийг илрүүлэх шинжилгээ судалгаа хийж байна. Өмнө нь танилцуулж байсан Их Британийн хувилбарууд илэрч буй. Гэхдээ Япон улсад шинжилгээ хийгдсэн 20 сорьцод Их Британийн хувилбарт байдаг нэг генийн мутаци давхар илэрсэн.