БНСУ-ын бизнес эрхлэгчдэд Монголд хөрөнгө оруулах боломжуудыг танилцуулна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-06-15 22:25:17

Монгол, Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдөр “Invest in Mongolia - Seoul 2021” Монгол, Солонгосын бизнес форумыг Үндэсний хөгжлийн газар, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиг агентлаг(KOTRА), Монгол Улсаас Солонгос улсад суугаа ЭСЯ, Олон Улсын Санхүүгийн Корпорац(IFC), Ирбис Венчурс компанитай хамтран цахимаар зохион байгуулахаар болжээ. 

Тус форумаар Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тэргүүлэх салбаруудаас гадна хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн төлөвлөгөөгөө танилцуулах юм байна.


БНСУ бол хөрөнгө оруулалтаараа Монгол Улсад чухал байр суурь эзэлдэг ч гадаад худалдааны хувьд манай улс алдагдалтай явж ирсэн орнуудын нэг. 

1990 оноос хойш нийт 575 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь манай улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2%-ийг эзэлж байна. Хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл 

  • Худалдаа, нийтийн хоолны салбарт 52.64%
  • Геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт 12.98%
  • Инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлд 4.98%
  • Мэдээлэл, холбооны технологи 2.94%
  • Эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ 2.32% эзэлжээ.

БНСУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт импортын үнийн дүнгийн 4.4 хувь, экспортын 0.3 хувийг эзэлж байна.

Хоёр орны худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эцсийн байдлаар 257.18 сая ам.доллар болж, өнгөрсөн жилээсээ 13% хувь буурсан байна. Үүнээс 

  • экспорт 21.42 сая ам.доллар болж 23%
  • импорт 235.76 сая ам.доллар болж, 11.7% тус тус буурчээ. 



БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилий ой өнгөрсөн онд тохиосон. 

Тус улс 1991 оноос манай улсад буцалтгүй тусламж, 1993 оноос хөнгөлөлттэй зээл олгож иржээ. 

Буцалтгүй тусламж: 

БНСУ 1991-2019 онд 250 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон байна. 

Жилд 4-5 сая ам.долларын өртөг бүхий 3-4 төслийг хэрэгжүүлдэг бөгөөд хөгжиж байгаа 127 оронд хөгжлийн тусламж үзүүлдэг. 

Манай улс тэргүүлэх ач холбогдолтой эхний арван орны тоонд орж байгаа ба БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн үйл ажиллагааг КОЙКА-аар дамжуулан хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр салбарын яамд нь шууд буцалтгүй тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг болжээ. 

Хөнгөлөлттэй зээл: 

БНСУ 1993-2018 онд 143.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2011-2015 онд БНСУ-ын Экспорт-импортын банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох тухай зээлийн Ерөнхий хэлэлцээр байгуулсан. Олон улсын вальютын сангийн  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар Экспорт импортын банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас (EDCF) 500 сая ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэж, зээлийн Ерөнхий хэлэлцээрт 2018 онд гарын үсэг зурж байв.

Хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй нийт хөрөнгө оруулалтын $1.9 тэрбум гэж үзжээ

Монгол Улсын улсын хөрөнгө оруулагчдад тийм ч таатай биш улсад тооцогдож буй. 

Хэдийгээр манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой байгаа ч хууль эрх зүйн хүрээнд Монголд хөрөнгө оруулсан гаднын иргэн, аж ахуйн нэгжийг хангалттай хамгаалж чаддаггүй гэсэн шүүмжлэл хэвээр байгаа билээ.

Энэ чиглэлд юу хийх шаардлагатай талаар дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУСК-aас 2013-2014 онд 70 аж ахуйн нэгжийг хамруулан хийсэн хөрөнгө оруулагчдын гомдол, тэдгээрийн үр дагаврын талаарх судалгаа хийжээ. 

Уг судалгаагаар хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй эрсдэл бүхий нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар буюу хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 90 хувьтай тэнцүү байхаар тооцоо гарсныг Үндэсний хөгжлийн газар тодотгосон байна.

Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар бодлого, зохицуулалтын ил тод бус байдал болон төрийн байгууллагуудын асуудалд үзэмжээрээ хандах, дур мэдэн шийдвэр гаргах байдал нь гомдол гаргах гол нөлөө бүхий хүчин зүйл болж байгаа гэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн өмч хөрөнгийг хураах, эрхийг түдгэлзүүлэх (судалгаанд оролцогчдын 45%), ялгаварлан гадуурхах (судалгаанд оролцогчдын 24%) байдлыг томоохон хүндрэлүүдийн нэг гэж үзсэн байна.

Түүнчлэн 

  • судалгаанд хамрагдсан компаниуд хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдэж буй өнөөгийн арга зам, нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байдаг. 
  • Төрийн байгууллагуудын зүгээс гомдол саналын дагуу хариу арга хэмжээ авч буй, асуудлыг шуурхай шийдвэрлэж буй, гаргасан шийдвэрийн нийцтэй байдал зэргийг ярилцлаганд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 55 хувь нь “хангалтгүй” болон “туйлын хангалтгүй” гэж үнэлсэн байна.
  • төрийн байгууллагуудын зүгээс өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдал мөн хангалтгүй гэж үнэлэгдсэн байна. 
  • Бизнес эрхлэгчид гомдлоо шийдвэрлүүлэхэд ямар арга зам ашигласнаас үл хамааран судалгаанд хамрагдсан компаниудын бараг хагас нь холбогдох гомдол саналаа огт шийдвэрлүүлж чадаагүй гэсэн бол дөнгөж 6 хувь нь нийт гомдлынхоо 80-100 хувийг шийдвэрлүүлсэн гэж хариулжээ.

Уг судалгаагаар Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизм (ХОГШМ)-ыг нэвтрүүлэхийг ОУСК Засгийн газарт санал болгосны дагуу тодорхой ажлууд хийгдэж байгааг мөн дурдсан байна.

Энэ хүрээнд ҮХГ өнөөгийн байдлаар хэд хэдэн гомдлыг шийдвэрлэж, буцаан татагдах эрсдэлд ороод байсан 3.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хадгалан үлдээжээ.

Цаашид энэ чиглэлээр хийх ажил болон хөрөнгө оруулах боломжуудыг Invest in Mongolia - Seoul 2021”-ийн үеэр танилцуулж, харилцан туршлага судлахаар төлөвлөсөн байна.


Холбоотой мэдээ