ВАКЦИНЖУУЛАЛТ БА ХАЛДВАРЫН ЭЭДРЭЭТ НӨХЦӨЛ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-19 08:38:24

Монгол Улс вакцинжуулалтын  хамрагдалтын түвшингээр (хүн амын 50 орчим хувь, нөгөө улс төрийн зорилготой зарласан зорилтот бүлгээр тооцоход 75 хувьд хүрсэн) дэлхийд тэргүүлэх улсуудын эгнээнд багтсан боловч сүүлийн өдрүүдэд халдварын тоо мянгаас доош буухгүй өсөн нэмэгдсээр байна.

Энэ тоо өргөс авсан мэт ойрын өдрүүдэд огцом буурахгүй хандлагатай байх ба энэ нь зарим талаараа манай улсад голлон тарьсан Синофарм вакцины чанартай бас холбоотой гэж үзэж болохоор байна.

Манай Биотехнологийн нийгэмлэгээс 2 дахь удаагийн тунгаа аваад 14-өөс доошгүй хоног болсон 620 гаруй хүнд эсрэгбиетийн оношлогоог ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран хийсэн бөгөөд олон нийтдээ зориулж  дараах явцын шатны үр дүн, гаргалгаагаа танилцуулж байна.


• Хэдий Монгол улс богино хугацаанд БНХАУ-ын Синофарм уламжлалт идэвхигүйжүүлсэн вакцинаар насанд хүрсэн хүн амаа вакцинжуулж цар тахлын болзошгүй тархварыг бууруулсан гэж үзэж байгаа авч уг вакцины дархлаа үүсгэх байдал хүлээлтээс доогуур буюу манай оношлогоонд хамрагдсан хүмүүсийн 10-15 хувьд (ялангуяа 55-дээш насныханд) эсрэгбиет үүсээгүй буюу дархлаа тогтоогүй байна.

Бид оношлогоог давтамжтай, дахин нягтлах замаар хийж байгаа бөгөөд бидний үр дүн олон улсад гаргасан судалгааны үр дүнтэй ойролцоо байна. 

• Өөрөөр хэлбэл 2 дахь тунгаа авсан иргэдийн 10-15 хувь магадгүй 20 хүртэл хувьд дархлаа огт үүсээгүй ч байж болох бөгөөд эдгээр хүмүүс халдвар авах, өвчлөх, халдварыг идэвхитэй тараах  магадлал өндөр байна.

Энэ нь манай улсын хувьд  вакцинд хамрагдсан 200-400 мянган хүнийг хамруулан ойлгож болох ба эрсдэл аюул өндөр хэвээр үлдэнэ гэсэн үг.

• Үүний цаана манай улсын хүнамзүйн онцлогтойгоор нийт хүн амын 35 хувийг эзлэх 0-18 насны хүүхдүүдийн халдвар, өвчлөлийн эзлэх хувь, үхлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тохиолдож буй нь зүй ёсны анхааруулга, сануулга өгч байна.

• Маш цөөн тооны Астразенека, Спутник вакцин тариулсан хүмүүс судалгаанд хамрагдсан ба тооны хэт цөөн байдлаас хамаарч  эдгээр вакцины хувьд аливаа дүгнэлт хэлэх боломжгүй байна. 

Харин Пфайзер вакцин тариулсан 20 гаруй хүнд бүгдэд нь эсрэгбиет үүссэн байгаа нь анхаарал татууштай ба олдоц бидэнд муу байгаа ч өндөр үр дүнтэй вакцин гэж үзэж болохоор байна.

• Олон улсын тэргүүлэх судлаачдын үзэж буйгаар “СҮРГИЙН ДАРХЛАА” үүсэхэд дор хаяж нийт хүн амын 70 хувь, Ковид цар тахлын хувьд дор хаяж 80-аас доошгүй хувь нь дархлаажсан эсвэл халдвар аваад эдгэсэн байх шаардлагатай хэмээн үзэж байна. 

Дээр дурдсанаар манай улсад хүн амын 35 хувь вакцинжаагүй хүүхдүүд, дээр нь 2 удаагийн вакцины тунгаа авсан боловч дархлаа үүсээгүй байж болох 20 хүртэл хувийг нэмэхээр нийт хүн амын зөвхөн 50 хувьд дархлаа үүсч, үлдсэн 50 хувь эрсдэлтэй хэвээр үлдэж байна.

• Израйль, Унгар, Арабын Нэгдсэн Эмират, Чили Бахрейн зэрэг улсуудад нийт хүн амын 40-55 хувь нь 2  дах тунгаа авсан ижил түвшинд вакцинжуулсан мэт байгаа боловч БНХАУ-ын Синофарм, Синовак вакцин голлон тарьсан АНЭУ, Чили, Бахрейн зэрэг улсуудад халдварын тоо манайтай нэгэн адил  1000 доош буухгүй өндөр хэвээр байсаар байгаа бол Модерна, Пфайзер вакцин тариулсан Израйль улсын хувьд халдварын тоо хоногийн 50-аас доош, үхэл бараг тохиолдохгүй болоод удаж байна.

• Европын холбооны болон АНУ-ын тэргүүлэх судлаачид вакцинжуулалтын үр дүнг тодорхойлох, халдварын нууц байдал, дархлааны тогтоцыг тогтоох хамгийн энгийн оношилгоо болох эсрэгбиетийн шинжилгээг өргөн хүрээнд хийхийг сүүлийн өдрүүдэд сануулж бичих боллоо. 

Тус шинжилгээний олон янз арга байгаа бөгөөд PCR шинжилгээнээс даруй 3-4 дахин хямд байна. 

Нэгэнт хүн амын дийлэнх нь вакцинжсан гэх өнөөгийн нөхцөлд PCR шинжилгээ хийж “вирүс хайх” бус иргэдийнхээ дархлаа үүссэн байдал дээр дүн шинжилгээ хийх нь илүү бодит хэрэгцээтэй байх болно. 

Вакцин хийлгэсэн ч дархлаа үүсээгүй иргэдээ оношилж тогтоох, магадгүй 3 дахь вакцины тунг тарих эсвэл өөр чанартай вакцин тарих асуудлыг судалгааны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай болжээ.

• Хэрвээ олдоц боломж нь байвал ард иргэддээ бэлэн мөнгө тараахын оронд хойч үе үр хүүхдүүд;ээ чанартай вакцинаар үе шаттай тарих бодлого стратегийг яаралтай хэрэгжүүлэх нь иргэдийн маань эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засагт тустай билээ.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.

Б.Арвинбаяр, Молекул биологич, 

МОНГОЛЫН БИОТЕХНОЛОГИЙН НИЙГЭМЛЭГ



Холбоотой мэдээ