2020 оны улсын төсвийн тайлангаас 3.6 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ
Эдийн ЗасагТөрийн аудитын байгууллага Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудитын дүгнэлт хийжээ.
Төсвийн тухай хуулийн 8.10.2-т заасан хугацаанд буюу энэ сарын 10-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна.
Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүн 9,463.8 тэрбум, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 13,904.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй болохыг аудитаар баталгаажуулжээ. Дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд хоёр асуудал толилуулж, Ерөнхий сайдад тав, Сангийн сайдад гурван зөвлөмж өгсөн байна.
Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн 56 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Аудитаар нийт 3,607.7 тэрбум төгрөгийн 5,318 алдаа зөрчил илэрсэн байна.
Аудитын явцад 2,283.5 тэрбум төгрөгийн 1,095 алдааг залруулж, 17.7 тэрбум төгрөгийн 440 алдаа, зөрчилд төлбөрийн акт тогтоож, алдаа зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 924.1 тэрбум төгрөгийн 1,260 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 382.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 2,523 зөвлөмжийг хүргүүлээд байна.
Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хуралд 3 асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад тав, Сангийн сайдад гурван зөвлөмж өглөө гэж Үндэсний Аудитын газраас мэдээлэв.