“Дельта” мутаци давамгайлж, 80 гаруй улсад бүртгэгджээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-20 07:36:55

Хятадад 2019 оны арванхоёрдугаар сард Covid-19 цар тахал гарч, богино хугацаанд дэлхий нийтийг хамарсан. 

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд цар тахлын вирус олон улсад тархаж, хүмүүсийг өвчлүүлэхдээ хэд хэдэн хувилбарт мутацилагдаад байна. 

Эдгээрээс халдварлан тархах байдал, хүндээр өвчлүүлэх, нас баралтад хүргэх талаараа Энэтхэг улсад бүртгэгдсэн “Дельта” хувилбар нь илүү аюултай байгаа юм. 

Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалж тогтоосноор өдгөө  “Дельта” хувилбарын тархалт давамгайлах болж,  дэлхийн 80 гаруй оронд бүртгэгджээ. 

Тухайлбал, АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын 10 орчим хувийг “Дельта” хувилбарын тохиолдол эзлэх болжээ. 

Мөн Их Британи улсад өнгөрсөн намар анх бүртгэгдсэн “Альфа” хувилбараас илүү “Дельта” мутацийн халдварын тархалт давамгайлах болсон байна. 

Өдгөө Их Британид бүртгэгдсэн халдварын 70 орчим хувийг “Дельта” хувилбарын тохиолдол эзэлж байна.

ОХУ-ын нийслэл Москва хотноо нийт халдвар авсан хүмүүсийн 89.3 хувьд нь “Дельта” хувилбар илэрсэн байна. 

Москвад  өчигдөр халдварын 9056 шинэ тохиолдол бүртгэсэн нь цар тахал гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр “Альфа”, “Дельтай” зэрэг мутаци хувилбараас вакцинжуулалт хамгаалах боломжтой аж. 

Ялангуяа, Файзер болон Модерна вакцины хоёр дахь тунг тариулсны дараа эдгээр мутацийн хувилбарын халдвараас хамгаалагдах боломжтой гэнэ. 

Тиймээс иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Өдгөө АНУ-ын хүн амын 53 хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан ба 70-85 хувийг дархлаажуулснаар сүргийн дархлаа тогтох боломжтой аж.

Түүнчлэн Герман, Франц, Сингапур, Индонези, Хятад, Австрали улсууд болон Африк, Скандинав, Номхон далайн орнуудад "Дельта" мутаци бүртгэгджээ.



Үүний зэрэгцээ  “Covid-19”-ийн вирус үргэлжлүүлэн мутацид орсоор байгаа аж. Тодруулбал, Өмнөд Америк тивийн орнуудад, тухайлбал, Чили, Перу, Эквадор, Аргентин зэрэг орнуудад цар тахлын вирусийн “lambda” хувилбар бүртгэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN, THE NEW YORK TIMES


Холбоотой мэдээ