Монгол улсын иргэн Австралийн Күинслэнд мужид вирусийн халдвар тараасан байж болзошгүйг мэдээлжээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-27 13:34:50

Коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаад байсан Австралийн Күинслэнд мужид сүүлийн өдрүүдэд дотоодод дамжсан нэг халдварын тохиолдол илэрч, мужийн эрх баригчид эх үүсвэрийг нь мөрдөн шалгаж байгааг ABC News суваг мэдээлжээ.

Португаль улсад аялаад ирсэн нэгэн эмэгтэйгээс коронавирусийн халдвар анх илэрсэн юм байна. Түүнтэй тусгаарлах байрнаас гарсных нь дараа Брисбэн хотын ойролцоох Эллен Гроув хотод уулзсан 60 гаруй насны эрэгтэй ойрын хавьтал болж, тусгаарлагджээ. Тэдэнтэй хамт нэг ресторанд хооллож байсан 36 хүнийг гэр гэрт нь тусгаарласан тухай Күинслэнд мужийн эрх баригчид мэдээлсэн байна.

Мөрдлөгийн явцад уг эмэгтэй нь тусгаарлах байранд байхдаа халдвар авсан болохыг тогтоожээ.

Тодруулбал Монголоос ирсэн халдвартай эрэгтэйг тусгаарлах байрнаас эмнэлэгт хүргэсэн ажилтан уг эмэгтэйд халдвар дамжуулагч болсон байх өндөр магадлалтай байгаа аж.

Монголоос ирсэн халдвартай эрэгтэйг өрөөнөөс нь түргэн тусламжийн машинд хүргэсэн ажилтан дараа нь Португалиас ирсэн эмэгтэйгээс сорьц авсан юм байна. Энэ хооронд халдвар дамжсан байх өндөр магадлалтай гэнэ.

Тусгаарлах байрны ажилтан болон Монголоос ирсэн өвчтөн хоёр хоёул вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсныг Күинслэнд мужийн эрүүл мэндийн газрын захирал, доктор Жанет Юнг мэдээлжээ.

Монголоос гаралтай вируст генетикийн шинжилгээ хийх, тусгаарлах байранд ямар үйл явдал болсныг хяналтын камерны бичлэгээс шалгах ажил эхлээд байгааг тэр бас хэлсэн юм.

Австралийн Күинслэнд мужид одоогоор Covid-19 өвчнөөр халдварласан 35 хүн эмчлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: ABC News

Холбоотой мэдээ