Мин Аун Хлаин: Орос хоёр сая тун вакцин амласан
Ковид-19Мьянмарт цар тахлын шинэ халдвар, нас барсан хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрч буй.
Харин хунтын удирдагч генерал Мин Аун Хлаины хэлснээр ОХУ энэ сараас эхлэн хоёр сая тун вакцины тусламж үзүүлэхээр болсон аж.
Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн сонгуулиар ялсан ардчилсан үзэлт Аун Сан Су Чиг албадан буулгаж, төрийн эрхийг Мин Ан Хлаин цэргийн хүчээр булаан авсан.
Тэрбээр өдгөө Мьянмарт цар тахлын халдвар эрчимтэй тархаж, өдрөөс өдөрт улам олон хүн нас барж байгааг мэдэгдээд, Оросын Батлан хамгаалахын өндөр албан тушаалтан энэ асуудалд туслахаа амласан талаар ярьжээ.
Тэгэхдээ “Би хоёр сая тун вакцин хүсч байгаагаа хэлэхэд тэд өгнө гэж амласан” гэж товчхон тайлбарлав.
Мьянмарт энэ долоо хоног (2021.07.09) 4320 шинэ тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас барсан нь хамгийн өндөр тоо байв.
Түүнээс өмнө Мин Аун Хлаин орос вакцинаас долоон сая тeн олж авахаар ажиллаж буйгаа илэрхийлж байлаа.
Ийнхүү цар тахлын халдвар оргилдоо хүрэхээс гадна хунтын эсрэг тэмцэл, хөдөлгөөн иргэний дайн болон хувирсан нь байдлыг улам хүндрүүлж буй юм.
Мөн олонх мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар эрүүл мэндийн ажилчид тэмцэлд нэгдсэнээс хойш шинжилгээ, оношилгоо эрс багассан тул бодит байдал дээр халдварын тоо үүнээс хэд дахин өндөр байж болзошгүй аж.
Мин Аун Хлаины тогтоосон хунтын дэглэмийг ихэнх улс орнууд эсэргүүцэж байхад тун цөөхөн орон нээлттэй дэмжиж байгаагийн нэг нь ОХУ юм.
Түүнчлэн хунтын цэргүүдийн ардчиллын төлөө тэмцэлд нас барсан, баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь алан хядагчид байсан гэж тайлбарладаг билээ.
ОХУ зөвхөн вакцины тусламж үзүүлэхээс гадна мьянмарчууд өөрсдөө вакцины үйлдвэр байгуулж, өөрсдийн гэсэн вакцин бүтээх үйлсэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: REUTERS