Бизнест амжилт олоход их мэдлэг хэрэггүй, харин…
Эдийн ЗасагТа бүхэндээ Jotform-ын ерөнхий захирал Аетэкин Танкийн нийтлэлийг хүргэж байна.
Унаган бага байхаас минь бидэнд эрдэм мэдлэгийг л чухалчлахыг заасаар ирсэн.
Үүний дагуу боловсролын систем маань ч сурагчдыг хэр их мэдээлэл цээжилж чадаж байгаа эсэх дээр тулгуурлан дүгнэдэг.
Өнөөдрийн старт апын нөхцөл байдал ч мөн адилхан юм.
Учир нь аль старт ап илүү зүйл сурч мэднэ тэр компани илүү давуу тал олж авах мэт ойлгогддог.
Онлайн сургалт, хичээлийн ачаар өдрийн аль ч цагт, хаана ч сууж байгаад хүссэн зүйлээ сурах боломжтой.
Судалгаагаар Америк дахь компаниудын 80 хувь нь ажилтнууддаа онлайн сургалтыг санал болгодог байна.
Jotform компанийн захирлаар ажилладаг надад ч гэсэн үргэлж л шинэ мэдээлэл авч, үр дүнтэй мэдлэг олж авах хэрэгтэй мэт бодогддог.
Яг одоо миний утсан дээр дараа уншихаар хадгалсан онлайн нийтлэл зуу зуугаараа байна.
Учир нь байгууллагад маань болон надад хэрэг болохуйц, шинэ, содон санаа төрүүлэхээр нийтлэл, мэдээг алгасчихвий гэх айдас надад үргэлж байдаг.
Гэвч амжилтанд хүрэхийн тулд зөвхөн академик боловсрол сайн эзэмших зайлшгүй шаардлагагүй юм.
Илүү их мэдлэг олж авах тусам бизнест илүү давуу тал үүсэх ч албагүй.
Жишээ авахад Стив Жобс ахлах сургуульдаа 2.65 голч дүнтэй, Ж.К.Роулинг их сургуульдаа дундаас ч дээшилдэггүй дүнтэй байсан гэдэг.
Гэвч тэд хоёулаа бидний төсөөлж л чадах хэмжээний амжилтыг гаргасан суутнууд.
Хамгийн чухал зүйл нь бид хэр их зүйл сурах биш харин сурсан зүйлээ хэр сайн ашиглаж чадаж байна гэдэг юм.
Тиймээс сургалт, семинарт явахаасаа өмнө эдгээр зөвлөгөөг нэг уншаад үзээрэй.
Эцэст нь тоо биш чанар чухал.
- Хоосон цээжлэхээсээ илүү сурсан зүйлээ ашиглаж сур. Бид сургуульд аливаа тоо, мэдээллийг санахад бэлтгэгдсэн байдаг. Гэвч ямар ч эрдмийг илүү сурахын тулд бид гүнзгий ойлгох хэрэгтэй болдог. Ахлах сургуулийн багш нарын заах арга барилаас судлахад, хүүхдүүд өөрсдөө шинэ санаа, сурсан зүйлээ шууд ашигласнаар тэд хамгийн сайн өөрийн болгож сурдаг аж. Тийм ч учраас дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид сурсан зүйлээ бүтээлч байдлаар туршиж суралцдаг байна. Шинэ хэл сурахад ч мөн адил тухайн хэлээрээ шууд ярьж, бичихийг оролдох нь хамгийн үр дүнтэй арга байдаг.
- Аливааг сурахаасаа өмнө тархиа хоосол
Заримдаа шинэ зүйл сурахаасаа урьдчилаад бид өмнөх мэдлэг түр мартах хэрэгтэй болдог. Зэн буддизмд аливаа эрдэмд суралцах эхний алхам нь бодол санаагаа чөлөөлөх гэдэг. Яг л дүүрэн аягаа хоосолж байж аягандаа шинийг хийх боломжтой болдог шиг. Ийнхүү анхлан суралцагчийн арга барилаар бүх зүйлд хандсанаар жижиг ч гэсэн хэрэгтэй зүйлсийг соргогоор анзаарч тархиндаа тогтоож авдаг. Мэдээж өмнө нь сурсан мэдсэн зүйлээ мартаж шинэ зүйлд суралцах нь хэцүү ч боломжтой юм. Үүний тулд хариултад биш асуултад төвлөрч, аль болох олон өнцгөөс ойлгох гэж хичээх хэрэгтэй. Цаашлаад тийм, үгүй, магадгүй гэх хариулт дээр тогтохоосоо өмнө аль болох бүх боломжит хариултыг бодож тунгаах нь үр дүнтэй арга юм.
- Суралцахаасаа таашаал ав.
Бид хүүхэд байхдаа сониуч зандаа хөтлөгдөн юм бүхнийг сурдаг байсан. Сонирхсон учраас л бид хөлд орж, ярьж сурцгаасан. Харин сургуульд орсноос хойш суралцах үйл явц өөрчлөгдөж бид өөрсдийн сонирхлоороо сурах нь багасч эхэлдэг. Бизнес эрхлэгчдийн хувьд сонирхож буй зүйлдээ л хүч хөдөлмөрөө бүрэн зарах хэрэгтэй. Сонирхол багатай ажлаа хийх үедээ бид илүү хүч зарцуулдаг шүү дээ. Тийм ч учраас би ажилтнууддаа тодорхой ажил хуваарилахдаа сонирхлыг нь харгалзаж үздэг.
Бизнес эрхлэгчид заримдаа хэтэрхий их зүйл судалж, уншдаг. Энэ нь зарим тохиолдолд танд мэдлэгтэй болсон гэх хуурамч мэдрэмжийг төрүүлдэг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Тиймээс бизнес эрхлэгч та өөрийн сонирхсон зүйлдээ илүү анхаарлаа төвлөрүүлж, оюун ухаанаа бүрэн ашиглаж байгаарай. Мөн уншиж судалсан аливаа мэдээллээ даруй ямар нэгэн үйлдэл болгохоо мартуузай.