Фэйсбүүкээр ачаа захиалсан иргэд олон тэрбум төгрөгөөр хохирсон талаараа мэдээлж байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-08-05 16:03:24

Фэйсбүүкээр ачаа захиалсан иргэд олон тэрбум төгрөгөөр хохирсон талаараа мэдээлж байна.

БНТУ руу цахимаар бараа захиалсан иргэд хохирсон талаараа мэдээлж байна. Тэд гутал, гэр ахуйн бараа гэх мэт олон төрлийн барааг фэйсбүүк хуудсаар дамжуулан захиалжээ. Гэвч өнгөрсөн оны арван нэг, арван хоёрдугаар сард захиалсан бараагаа өнөөг хүртэл хүлээн аваагүй байна. Иргэд захиалга өгсөн хүндээ хандахаар карго компанийн улмаас ачаа нь саатсан гэж хариулдаг аж.

Хохирсон гэх иргэн н.Уугантамир дараах мэдээллийг өглөө:

-Би “Турк бараа” гэсэн нэртэй фэйсбүүкийн групп нээгээд нэг жил болсон. Надад олон хүн бараа захиалсан. Тэдний захиалга нэг тэрбум төгрөг болно. Гэтэл бидний бараа ирээгүй л байна. Учир нь  тээвэр зуучийн “Грэйт ложистик” компани тээврийг хариуцдаг ч бараа гацсан гэдэг. Надад захиалга өгсөн хүмүүс маш их бухимдаж байна. Би барааныхаа араас Станбул хот руу явж хөөцөлдөөд ирлээ. Бидний бараа есөн сар саатлаа.  Одоо хүмүүс мөнгөө буцаагаад авъя гэж байна.    

“Грэйт ложистик” компанийн захирал Б.Батмөнх гэж хүн бий. Станбул дахь Консулын газарт хоёр сарын өмнө хандахад биднийг энэ компанийн удирдлагатай уулзуулсан юм. Энэ уулзалтын протоколыг та бүхэнд харуулъя. Б.Батмөнх захирал “Манай бараа Туркээс усан замаар гараад БНХАУ-ын Тяньжин боомтод буусан” гэж хэлсэн. Далайн тээвэр 60-90 хоногийн хугацаанд Монголд ирнэ гэж анх хэлсэн юм.

Бид ачааныхаа араас өөрсдөө явъя, хөөцөлдье гэхээр энэ компани чингэлгийн дугаар өгдөггүйг нь би гайхаж байна. Компанийн нууц мэдээлэл гэдэг. Туркт ажил хийдэг Монголчууд дан ажил хийгээд амьдарна гэхэд их хэцүү. Иймд бид ажлынхаа хажуугаар цахим дэлгүүр ажиллуулдаг юм

“Грэйт ложистик” кампани биднийг луйвардсан юм  уу эсвэл үнэхээр бараа нь нэг газар гацсан юм уу бүү мэд. Мэдээлэл алга. Төр засаг анхаараасай гэсэн дээ, аргаа барсан даа өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж байна. МҮХАҮТ-д очиж зөвлөгөө авахад биднийг луйвардуулсан байж болзошгүй гэсэн. Сүүлийн өдрүүдэд дарга нар Замын-Үүд сум, Эрээнд саатсан ачаа гацаанаас гарсан гэж мэдээлдэг. Гэвч Эрээнд чингэлгүүд усанд автсан гэдэг мэдээллийг би найзаасаа авсан гэв.

Холбоотой мэдээ