ЭМЯ: Хоёрдугаар тундаа өөр вакцин хийлгэвэл дархлаа тогтохгүй

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-08-07 00:00:03

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Иргэд вакцинд сайн хамрагдаж байна. Манай улсын хэмжээнд нэгдүгээр тунд 67.2 хувь, II тунд 61.1 хувь нь хамрагдаад байгаа. Мөн вакцины нэгдүгээр тунд хамрагдаагүй хүмүүс бий. Тухайн хүмүүсийг вакцинд хамруулах нь чухал байна. Учир нь дэлхий дахинд вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндээр өвчилж байгаа гэсэн мэдээлэл байна. Орон нутгийн иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байгаа.

Халдварын улмаас нас барж буй тохиолдлуудыг судалж үзэхэд  АНУ-ын халдвараар өвчилсөн хүмүүсийн 99 хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Харин манай улсад 85 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс нас барж байна гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар 3552 жирэмсэн эмэгтэй, 12-17 насны 227 482 хүүхэд, 3990 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагджээ.

Иргэдээс вакцины хоёрдугаар тунгаа өөр вакцин хийлгэж болох уу гэсэн асуулт байна. Энэ тохиолдолд дархлаа тогтохгүй. Дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд хоёр өөр вакцин хийлгэхийн аюулгүй байдлыг судалсан судалгаа одоогоор дэлхий дахинд байхгүй байна. Тиймээс нэг вакцины бүрэн тунгаа хийлгэхийг зөвлөж байна. Хэрэв нэгдүгээр тунгийн дараа харшлын урвал үүссэн бол эмчид хандаж, хоёрдугаар тундаа тухайн вакциныг хийхийг зөвлөхгүй байгаа" гэж мэдээллээ. 




Холбоотой мэдээ