Хөндлөнгийн шинжээчид “Оюу толгой”-н далд уурхайн ажил гео техникийн хүндрэлийн улмаас хойшлоогүй гэжээ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-08-09 06:11:20

Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл өгч байна.

УИХ-аас 2019 онд 92-р тогтоол гарган, "Оюу толгой" төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын хэсэг байгуулан, тус компанийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээнүүдийг шинэчлэх, сайжруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нар багтсан юм. Засгийн газраас Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхайн сайд Ш.Ендон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан,  ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир нар багтсан юм.   

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө: 
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Рио Тинто групп энэ зардлын хэтрэлтийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан гэдэг. Харин хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт үүнийг няцаав.  

Мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Иймд Засгийн газар Рио Тинтод  удаа дараа хүсэлт тавьж, дэлхийд нэр хүндтэй, хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулъя гэсэн юм. Ингээд гуравдугаар сард хөндлөнгийн шинжээчдийг томилов. Тэд таван сар ажиллаж, өнөө өглөө бидэнд дүгнэлтээ албан ёсоор танилцууллаа. Тэд төслийн үйл ажиллагаа гео техникийн асуудлын улмаас хойшлоогүй гэсэн байна. Бид энэ дүгнэлтийг хүлээн авсны дараа Рио Тинто оны  группийн Монгол дахь захирал Х.Амаржаргал, тус группийн Зэсийн группийн өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нартай уулзан, албан ёсоор тайлбар хийхийг хүсэв.         

Менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас нэмэлт зардал гарсан.

Лондоны Арбитрын шүүхэд маргаан үргэлжилж байна. Энэ сард хэлэлцээ эхэлнэ. Засгийн газар "Оюу толгой" компанийн эсрэг сөрөг нэхэмжлэл гарган, Рио Тинто группийг маргаанд татан оролцуулах ёстой гэж үзсэн. Энэ шүүх хуралд бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг ашиглана. Рио Тинто групп менежментийн үүрэг гүйцэтгэсний төлбөрт жил бүр нийт зардлаас 6 хувийн төлбөр авдаг. Мөн энэ төсөл манай талд үр өгөөж багатай байна. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Мөн бид гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагыг тавьсан. Энэ ажил удаашрах тусам хөрөнгө оруулагчдад алдагдалтай. Рио Тинто болон Засгийн газрын аль алинд нь ашиггүй, зэсийн үнэ өндөр байгаа зэргийг харгалзан, том жижиг хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийн үүднээс хэлэлцээ хийх явцдаа гүний уурхайг ашиглах, хөндлөн огтлолтоо эхлүүлэх нь зөв. Энэ талаарх шийдвэрээ есдүгээр сард багтаан гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ Рио Тинто группээс танилцуулсан, далд уурхайн ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрөх боломжгүй. ТЭЗҮ-г баталбал бид зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн болно. 

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт хэлэлцээнд хувь нэмэр оруулах байх.   

АНУ, КАНАД, Австраль, Монгол мэргэжилтэнгүүд оролцов.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон дараах мэдээллийг өглөө:
-"Оюу толгой" компанийн далд уурхайн ажил удааширсан гэдийг бид мэднэ. Энэ төслийн гол нөөц нь далд уурхайд бий. Хөндлөнгийн шинжээчид бидэнд дүгнэлтээ танилцууллаа. Харин Рио Тинто групп 2019 оны долдугаар сард биднээс хамааралгүйгээр буюу гео техникийн хүндрэл, далд уурхайн чулуулгийн онцлогийн улмаас ажил хойшилсон гэж үздэг. Үүнийг урьдчилан таамаглах боломжгүй гэдэг байв.

Рио Тинто группээс хамааралгүй, бие даасан, ямар нэг ашиг сонирхолгүй шинжээчдийг бүрдүүлэх нь амар байсангүй. Гэсэн ч бид зэсийн салбарт 20-40 жил ажилласан туршлагатай, найман гишүүнийг шинжээчдийн багт ажиллуулсан. "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ энэ дүгнэлтийг удахгүй хэлэлцэнэ.

Мөн Рио Тинто группэд төслийн менежерээр ажилласан туршлагатай Алан Мосс гэж зөвлөх мэргэжилтнээр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг давхар хянууллаа.  

-"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир:
-"Эрдэнэс Оюу толгой" компанийн хоёр төлөөлөл, "Туркойз Хилл" хувьцаат компанийн хоёр төлөөлөл бүхий тусгай хороог бүрдүүлсэн. Бид бие даасан шинжээчдийг томилсон. Тэд уул уурхайн төлөвлөлт, барилга угсралт, төслийн менежмент, гео техникийн мэргэжилтнүүд.  АНУ, Канад, Австрали, Монгол мэргэжилтнүүд ажиллалаа.  Тэд дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногт Тусгай хороонд хүлээлгэн өгсөн. Цаашид бид хугацаа хэтрүүлэх, зардлаа өсгөх эх мэт алдааг дахин давтахгүйн тулд компанийн засаглалыг сайжруулахад анхаарч ажиллана.     

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго:
Алан Мосс зөвлөх зардал чухам яагаад өссөнийг тодорхой болгохын тулд санхүүгийн аудитыг дахин хийх нь зөв гэж зөвлөсөн. Бид энэ ажлыг "Оюу толгой"-н ТУЗ-өөр дамжуулан хэрэгжүүлнэ гэв.    

Холбоотой мэдээ