Виртуал хөрөнгийн үйлчилгээг хуульчилснаар гадаад хөрөнгө оруулалтын орчин бүрдэнэ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-08-14 02:00:15


Манай улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батална.  

Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. 

 Манай улсад виртуал хөрөнгийн үйлчилгээг хуулиар зохицуулаагүй. Өнөөдрийн байдлаар дотоодын 4-6 бирж дээр 1.9 их наяд төгрөгийн виртуал үйлчилгээ хийгдэж, хүрээ өргөжсөөр байгаа юм. 

 Тиймээс виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо анхаарал болгоомжтой хандан өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалахыг СЗХ-ноос байнга сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг эрсдлээс сэргийлэхийг анхааруулдаг.  

Манай улс 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд орсон.

Үүнээс нэг жилийн дараа 2020 оны аравдугаар сард тус жагсаалтаас амжилттай гарсан байдаг.

Энэхүү жагсаалтаас гарах явцад ФАТФ-ын зүгээс гаргасан техник, мэргэжлийн 40 зөвлөмжийн 15 дугаарт “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянаж зохицуулах, бүртгэлжүүлэх, энэ төрлийн харилцааг хууль эрх зүйн орчинтой болгох” заалт тусгагдсан байна.  

Энэ хүрээнд улс орнуудыг шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, тодруулбал виртуал хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрэх эрсдлийг үнэлж, хууль эрх зүйн орчин бий болгохыг үүрэг болгожээ. 

Монгол Улс 2023 онд харилцан үнэлгээний тайлангаа хамгаалах аж. 

Энэ үед виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар эрхзүйн зохицуулалт хийж, эрдслийн үнэлгээ гаргасан байх шаардлагатай юм байна.  

Хуулийн төсөлд дурдагсанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхэд дараах хяналтыг тавина. Үүнд:

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компани СЗХ-нд хүсэлт гаргаж, бүртгүүлнэ.

  • Хороо хүсэлт, шаардлага хангасан бүрэн гүйцэд баримт бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

  • Шаардлагатай тохиолдолд зургаа хүртэл сарын хугацаагаар Хорооны дарга нэг удаа сунгаж болно.

  • Хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ тухай хүсэлт гаргагчид Хороо мэдэгдэх бөгөөд хүсэлт гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангаж бүртгүүлэх хүсэлтээ ажлын 30 хоногийн дотор дахин гаргаж болно.

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компанийн болон үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл нийтэд нээлттэй ил тод байна. Бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд Хороо тухай бүр мэдээллийг шинэчилнэ.

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан компанийг бүртгэх, үйлчилгээ үзүүлэгчийн зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлага, хяналт шалгалт хийх, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, эсхүл үйл ажиллагааг зогсоох, бүртгэлээс хасах харилцааг зохицуулах журмыг батлах;

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйлгээ илгээх, хүлээн авах, харилцагч, харилцагчийн хүрээ хязгаар, гүйлгээ хийгдэх гадаад улс, эсхүл тодорхой хуулийн этгээд, гадаад улсаас хөрөнгө оруулалт татах болон бусад үйл ажиллагаанд Хорооноос хязгаарлалт тогтоож болно.

    Хууль батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ явуулж байгаа хувийн байгууллагуудын үйл ажиллагааг хуульчлах, эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна олон улсад үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд  гадаадын компани манай улсад хөрөнгө оруулахад хууль эрх зүйн орчин бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байсан.

УИХ-ын гишүү.  ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Иргэдийн зүгээс крипто валют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлалтай байна. Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш" гэдгийг онцолж байсан. Дэлхийн 81 улс крипто валютыг хүлээн зөвшөөрсөн байдаг байна.  Хуулийн төсөл батлагдвал зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлнэ. 

Цаашлаад  койныг гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд тодорхой шаардлагуудыг тавигдах юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээний хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батална. 

Уг хууль эрхзүйн орчин бүрдэх хүртэл иргэд, олон нийтэд уг хөрөнгийн үйлчилгээг авахдаа анхаарал болгоомжтой хандахыг холбогдох байгууллага мэдэгдсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ