Японд үер ус, хөрсний гулсалтын гамшиг нүүрлэж, сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-15 01:51:56

Япон улсын баруун бүс нутагт Бямба гарагт ер бусын их устай аадар бороо орсны улмаас үер ус, хөрсний гулсалтын гамшиг нүүрлэжээ.

Гамшгийн улмаас нэг хүний амь үрэгдэж, хоёр хүн сураггүй болсон байна.

Хирошима муж болон Кюшү арлын хойд хэсэгт иргэдийг нүүлгэн шилжүүлэх хамгийн өндөр түвшний анхааруулгыг гаргажээ.

Уг анхааруулгын хүрээнд нийт 1.4 сая иргэнд яаралтай орон гэрээ орхин хоргодох байранд нүүх зөвлөмж өгсөн байна.

Нагасаки мужийн Унзен хотод хөрсний гулсалтын улмаас хоёр айлын амины орон сууц нурахад 59 настай эмэгтэй амь үрэгдэж, түүний гэр бүлийн хоёр гишүүн сураггүй болжээ.

Сураггүй болсон иргэдийг аврах ажиллагаанд 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгчид ажиллаж байгааг орон нутгийн захиргаа мэдээлсэн байна.

Хүчтэй аадар бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллага мэдээлжээ. Японд жил бүрийн энэ үед борооны улирал тохиодог ч энэ жилийн хувьд урьд өмнө үзэгдээгүй их хур тунадас унасан нь агаарын хэт халалттай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.

Эх сурвалж: RT.COM BBC CNN



Холбоотой мэдээ