АНУ-ын их сургуулиуд вакцинд хамрагдаагүй оюутнуудыг торгож, хасаж эхэлжээ
Ковид-19АНУ-д коронавирусийн халдвар улам нэмэгдэж, энэ улс халдвар болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тиймээс сайн дурын дархлаажуулалтыг албадан шинжтэй болгож эхэлсэн бөгөөд багш, оюутнуудаа урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдахыг шаардаж байсан их дээд сургуулиуд ар араасаа шийдвэртэй алхам хийж эхэлжээ.
Иргэдийг дархлаажуулснаар танхимын сургалтыг эхлүүлэх боломжтой гэж найдаж байсан ч энэ зун тарилгад хамрагдсан хүмүүсийн тоо хангалтгүй байж, дельта штамм хурдацтай тархсаны улмаас дахин хөл хорио, алсын зайн сургалтыг сонгохоос аргагүй байдалд хүрсэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Тиймээс АНУ-ын их дээд сургуулиуд багш, оюутнуудаа хичээл эхлэхээс өмнө вакцинд хамрагдахыг шаардаж эхэлсэн бөгөөд татгалзсан тохиолдолд хатуу арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тухайлбал, Коннектикут мужийн Квиннипэкийн их сургууль вакцинд хамрагдаагүй 600 орчим оюутныг есдүгээр сарын 14-ний дотор дархлаажуулалтад хамрагдсанаа батлахгүй бол долоо хоног тутамд торгууль ноогдуулна гэж анхааруулжээ. CNN агентлагийн мэдээлснээр, эхний ээлжинд долоо хоногт 100 доллараар торгох бол цаашлаад аажим өссөөр 200 долларын торгууль ногдуулах гэнэ. Ингэснээр вакцинд хамрагдахгүй бол сургалтын нэг улиралд 2275 ам.доллараар торгуулж болзошгүй аж.
Түүнчлэн, вакцинаас татгалзсан оюутнуудын сургуулийн нутаг дэвсгэр дээр Wi-Fi ашиглах, сургуулийн дотоод мэдээллийн санд нэвтрэх эрхийг нь хаах гэнэ. Дархлаажуулалтад хамрагдаагүй оюутнууд долоо хоног бүр коронавирусийн шинжилгээ өгч болох хэдий ч ийм шинжилгээ өгөх тоолондоо 100 доллараар торгуулах юм байна.
Харин Виржиниягийн их сургууль тогтоосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдсан талаарх эсвэл шашны, эмнэлгийн заалтаар вакцинд хамрагдах боломжгүйг батлах баримт бичгээ өгөөгүй 238 оюутныг сургуулиас хасчээ. Хасагдсан оюутнууд дархлаажуулалтад хамрагдсанаа баталсан тохиолдолд л тэдний суралцах эрхийг сэргээх гэнэ.
Мөн ийм арга хэмжээг Алабама мужийн Өмнөд Бирменгем коллеж хэрэгжүүлж байгаа аж. Энд нэг удаад 500 доллар хураах бөгөөд "хүн бүрээс 500 доллар хураах нь гол нь биш, бүх оюутнуудынхаа аюулгүй байдлыг хангах нь чухал" хэмээн коллежийн захирал Дэниель Коулмен өгүүлжээ.
Харин зарим сургуулиуд албадаж, торгох биш урамшуулах аргаар оюутнуудаа вакцинд хамруулахаар хичээж байна. Тухайлбал, Алабама мужийн Обернийн их сургуульд вакцинд хамрагдсан оюутнуудынхаа дунд сугалаа явуулахаар зэхэж байгаа гэнэ. Хонжворт төлбөргүй зогсоол, сургуулийн цайны газарт хооллох хязгааргүй эрх, төлбөрөө 1000 доллараар хасуулах зэрэг шагналууд багтжээ. Харин Канзасын их сургуульд тарилгад хамрагдсан эхний 4000 оюутандаа тус бүр 40 долларын бэлгийн карт өгсний дээр нэг улирал үнэ төлбөргүй суралцах эрх хожих сугалаа зарласан байна.