Өрхийн эмнэлгүүд улаан бүс болжээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-09-09 04:57:02

Шөнийн 1-5 цагийн хооронд утас дуугар иргэд "Эерэг гарчихлаа, эм тариа хурдан авчирч өг" гэж зандрах нь цөөнгүй.  Зарим нь үхэх гээд байхад эмч хүн байж утсаа авсангүй гэж уурлаж, зарим нь гэрийнхнээсээ очиж шинжилгээ авахыг шаардана. Эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэж элдвээр хэлэх нь ч бий.

Ийм нөхцөл дунд өрхийн эмч нар ажиллаад удаж байна. Адилхан хүн юм болохоороо өвдөнө, зовно, айна, бачимдана, стресстэнэ.  Гэтэл иргэд тэднийг үхчихээгүй бол "өргөсөн тангарагтаа үнэнч байх"-ыг шаардана.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 240 мянга 983 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 29 мянга гаруй хүн нь гэрийн тусгаарлалтад байгаа юм. Эдгээр хүмүүстэй болон хавьтал болсон ар гэрийнхэнтэй нь байнгын харилцаа холбоотой байхаас гадна өнөөх багцаа хуваарилах, үндсэн чиг үүргийнхээ анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх гээд өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд чөлөө зав гарахаа болиод удаж байна. Тиймээс бид өрхийн эмч нар бодит нөхцөл байдал дээр хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.

"ХАМАГ ЧАДЛАА ШАВХАЖ БАЙНА"

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв 11 мянга гаруй хүнд үйлдчилдэг. Үүдээр нь ороход сувилагчийн пост, тарианы өрөө, цаашилбал үзлэгийн өрөө, тусгаарлах хэсэг байна. Тус эмнэлэгт халдвартай бүсийг гаргаж өгчээ. Эмч Covid-19-ийн шинжилгээ авч дуусчихаад үзлэгийн хүмүүстээ үзлэг, эмчилгээ хийнэ гэв. ХӨСҮТ улаан бүс гэгддэг үе өнгөрч хамгийн их эрсдэл өдгөө өрхийн эмнэлэг болжээ.

Эмч нарын болоод ажлын утас нь өглөөнөөс хойш тасралтгүй дуугардаг болохыг сувилагч хэлж байв. Биднийг очиход өрхийн эмнэлгээр орж гарч буй 10 хүний ойролцоогоор 6-7 нь түргэвчилсэн шинжилгээ хэдэн цагийн хооронд авах вэ, манай эхнэр, нөхөр эерэг гарсан хавьтлуудаас ирж шинжилгээ авахгүй байна хэмээн асууж сураглаж байлаа. Эмч ажилчид нь өвдсөн, байгаа боломжоороо хүний нөөцөө зохицуулж байгаа гэв. Тэгвэл Covid-19-ийн халдвартай хүнтэй харьцсан эмч иргэд болон нярайд эмнэлгийн тусламж үзүүлэх гэж үү хэмээн асуухад сувилагч нь

Тийм ээ, бид хамелон шиг хувирч, өвдөхгүй юм шиг дархлаатай дүр үзүүлж ажилладаг болсон. Байгаа хүний нөөцөөрөө чармайж байна. Хүмүүс хүлээцгүй, тэвчээргүйгээс болж биднийг бараг барьж авч зодох нь холгүй байдаг шүү дээ” гэсэн юм.

Аль ч шатны эмнэлгийн байгууллагад хандсан эхлээд өрхийн эмнэлэгтээ ханд  гэх тайлбарыг өгдөг учир иргэд ингэхээс ч өөр яах билээ. Бараадах ганц эмнэлэг нь өрхийн эмнэлэг болсон шүү дээ.


ӨДӨРТ 5-ХАН ТЕСТ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ӨГЧ БАЙХАД ИРГЭД БҮХ БУРУУГ БИДНЭЭС ХАЙДАГ

ТУС ХОРООНЫ “ЭНХ СҮНДЭР” ӨЭМТ-ИЙН ДАРГА Г.ЭНХТУЯА:

 

Наймдугаар сарын 22-ноос ачаалал эрс нэмэгдэж эхэлсэн. Ээлжийн амралтаа авсан, Covid-19-өөр өвдсөн гээд эмч ажилчид хомсдолтой байна. Иргэд уцаартай, бухимдалтай харилцаж байгаагаас үүдэж эмч, сувилагчид стресстэх, олон дахин нэг зүйлийг нь тайлбарлаж өгөх, үл ойлголцол гарах гээд бэрхшээл их. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол түргэвчилсэн шинжилгээний тест.

Өдрөөс өдөрт тохиолдол ихсэж байна. Гэтэл шинжилгээний тест долоо хоногийн хугацаанд хэрэглээрэй гээд 25 ширхэг өгч байна. Иргэд үүнийг нь ойлгодоггүй, мэддэггүй.

Өрхийн эмнэлэгт өдөрт зөвхөн Covid-19-өөр өдөрт хэдэн хүн хандаж байгаа талаарх тоон мэдээ удирдах шатны байгууллагуудад очдог баймаар. Тестийнхээ тоог нэммээр байгааг дээшээ хэлэхээр хэзээ нэмж өгөх нь тодорхойгүй гэдэг. Иргэдэд энэ байдлыг учирлахаар  худал ярьж, оношлуурыг нь өөрсдөө авч байгаа биз гэж уурладаг. Асуудлыг ойлгож, хүлээцтэй ханддаг хүн алга байна. Бас нэг хэрүүл тарьдаг асуудал бол нөгөө алдарт эмийн багц. 70 мянган төгрөгийн багцаа авъя, би халдвар авчихсан байна гээд ороод ирнэ.

Багцыг хариу нь эерэг гарсан хүн бүрт өгөх боломжгүй. Мөн гэрээр очиж, хавьтлыг шинжилж чадахгүй, хугацаа алдах зэргээр тоочоод байвал шантармаар олон асуудал гарч байна. 30 гаруй жил хөдөө, хотод ачаалалтай цаг үед эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан ч энэ жилийнх шиг стресстэй байж үзсэнгүй. Гэхдээ өргөсөн тангаргатаа үнэнч ажиллаж, өвчтөнүүдээ эмчлээд гаргана гэдэг юу юунаас илүү сайхан.


ЭЕРЭГ ГАРСАН ТЕСТЭЭ БАРЬЖ ИРЭЭД, ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ НЭХЭЖ БАЙНА

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НЭГДҮГЭЭР ХОРООНЫ “ХҮН ТӨВТ” ӨЭМТ-ИЙН АХЛАХ СУВИЛАГЧ Л.ЭНХБАЯР:


Иргэдэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэл хүргэж байхад маш ухамсаргүй үйлдэл гаргаж байна. Тухайлбал, түргэвчилсэн тестээр гэртээ үзээд эерэг гарсан гээд бариад орж ирж байгаа юм.

Ингэж болохгүй, эерэг гарсан  бол гэртээ тусгаарлалтад орох шаардлагатай гэхээр “Би эм тан авах мөнгөгүй. Эмчилгээний багцаа алив өг” гэж нэхнэ, загнана. Тэр хүн эерэг гарчхаад эмнэлгийн байгууллагад үзлэг, эмчилгээ хийж байхад дайрч орж ирэхээр үзүүлэх гээд хүлээж байгаа иргэд ч эрсдэлд өртөж байна.

Тиймээс зөвхөн хар амиа хичээсэн хандлага гаргахгүй байхыг хүмүүсээс хүсч байна. Мөн үүнээс гадна гэрийн тусгаарлалтад байгаа хүнд болон маш хүнд биеийн байдалтай 70-90 настай хүмүүс, жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт хэвтүүлэх гэхээр орны очер маш ачаалалтай.

Батлагдсан тохиолдлоо эмнэлэгт хэвтүүлэхийн тулд 70-80 хүний дараа нэрийг нь бичүүлж, ор гарвал хэвтүүлж байгаа. Өдөрт 20 шинжилгээ авахад 10 нь эерэг гарч байна. Бид эмнэлгээр болон гэрээр явж үзлэгээ хийж, шаардлагатай хүмүүстээ эм тариаг нь дөхүүлж өгч, хэсгийн ахлагчтайгаа хамтраад Бямба, Ням гаригт ч ажиллаж байна.

Миний хувьд 30 гаруй жил ажилласан туршлагатай учраас ачааллыг даваад л гарна. Харин залуучууд маань ийм их ачаалалтай нөхцөлд хүмүүст хэл амаар доромжлуулж, дээрэлхүүлж ажиллах нь хэцүү байгаа гэдгийг хэлж байгаа. Иргэд эмч, сувилагчдыг хүндлээд хүлээцтэй хандчихвал цар тахлыг бүгдээрээ даваад л гарна гэж бодож байна.


ЭМЧ НАР ҮЗЛЭГЭЭ ХИЙХЭЭС ГАДНА ӨДӨРТ БАГАДАА 8-9 ЦАГ УТСААР ЯРЬДАГ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ “ЦЭДЭН-ЭРДЭНЭ” ӨЭМТ-ИЙН АХЛАХ СУВИЛАГЧ  Б.НАРАНЦЭЦЭГ:

Халдвартай нь батлагдсан байхад гадуур явж байгаад таарах зарим нэг тохиолдол байна. Эмч, сувилагчид өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч үндсэн үйл ажиллагаа болох товлолт вакцин, тогтмол үзлэгээ цаг тухайд нь хийж байгаа. Энэ зуны тухайд эрсдэл бүр ч нэмэгдсэн. Аль болох дархлаагаа дэмжиж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайн баримтлахыг иргэдэд уриалмаар байна.

Эмч нар маань үзлэгээ хийж байхад нь өдөрт Covid-19-тэй холбоотой дуудлага утсанд нь их ирдэг. Өдөрт дунджаар 8-10 цаг утсаар ярьдаг байх. Нэг хүнтэй хамгийн багадаа 15 минут. Ийм ачаалалтай ажиллаж байгааг хүмүүс ойлгож, хүлээцтэй хандахыг л хүсч байна даа. Гэрийнхэн болон эмнэлгийнхэн маань үргэлж дэмждэг учир шантрах зүйл гардаггүй байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвд тусламж үйлчилгээ авч буй иргэд Covid-19-ийн онцгой нөхцөлд ажиллаж буй бүхий л шатны эмч, ажилчдад талархаж байгаагаа хэлсэн юм. Тэр дундаа анхан шатны цогц үйлчилгээ үзүүлж, ачаалал нь хэтэрсэн ч амралтгүй ажилласаар байгаа эмч сувилагч нартаа баярлалаа гэдгийг хэлж байлаа. Тангараг өргөж, албан үүргээ гүйцэтгэж байгаа хэнээс ч гомдол нэхдэггүй эмч, сувилагч нартаа хүн бүр талархах нь зүй бизээ.



Холбоотой мэдээ