Бээжин Монголын нүүрсний экспортод сүүлийн боломж олголоо
Эдийн ЗасагБНХАУ-ын таваарын зах зээл, тэр дундаа ган үйлдвэрлэлийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт хомстож, хатуу эрэлт бий болоод байгаа билээ. Улмаар Хятадын зах зээл дээрх коксжих нүүрсний ханш 2021 оны наймдугаар сараас хойш 45 хувь өсөж, тонн тутамд 620 ам.доллар болж өсөөд байгаа юм.
Бээжин өнгөрөгч онд Австралийн нүүрсний импортод хориг тогтоосон. Хятадын төв болон баруун хэсгийн мужуудад энэ зун үерийн гамшиг нүүрлэж, дотоодын нүүрсний тээврийн дэд бүтцүүд ихээр сүйдсэн. ӨМӨЗО, Шэньси, Шаньси зэрэг Хятадын нүүрс олборлолтын гол бүс нутгуудад хэд хэдэн томоохон нүүрсний уурхайд дараалсан осол гарч, аюулгүй ажиллагаа, авлигын эсрэг шалгалтууд хийгдэж эхэлсэн.
Хамгийн гол нь, Австралийн хоригийн дараа Хятадын коксжих нүүрсний зах зээлд хамгийн том байр суурийг эзлэх болсон Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нүүрсний нийлүүлэлт тасалдсан зэрэг асуудал нь урд хөршийн түүхий эдийн зах зээлд үнийн огцом өсөлт бий болох гол шалтгаан болсон билээ.
Түүнчлэн, энэхүү хомстол нь Хятадын эрчим хүч, ган үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эдийн татан авалтын оргил үетэй давхцаж байгаа нь асуудлыг хүндрүүлж, үнэ огцом өсөх нэг шалтгаан болсон. Улмаар Хятадын эрх баригчид түүхий эдийн хомстол, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор дотоодын нүүрс олборлолтоо нэмэгдүүлэх зорилт тавьсан. Гэвч коксжих нүүрсний хувьд БНХАУ нь импортын хэрэглээнээс ихээхэн хамааралтай.
Хэдий Хятадын эрх баригчид дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилт тавьсан ч олборлолтын хэмжээ эрэлтийг нөхөх хангалттай хэмжээнд хүрэхэд хол байгаа юм. Тиймээс Бээжин түүхий эдийн татан авалтын оргил үед импортоо нэмэгдүүлэх алхмууд хийж эхэлсэн бололтой.
Тухайлбал, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вентао мягмар гаригт Монгол Улсын Шадар сайд Б.Амарсайхантай цахим уулзалт хийж, манай улсаас авах уул уурхай, хөдөө аж ахуйн импортын хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Талууд уулзалтын хүрээнд хоёр орны нүүрсний тээврийн боомтуудад үүссэн түгжрэлийг хэрхэн шийдэж,
цаашид ариутгал эрүүл мэндийн аюулгүй байдал, бараа таваарын жигд тээврийн урсгалыг хангах чиглэлээр түлхүү ярилцсан аж. Мөн уулзалтаар Хятадын хилээр нэвтрэх Монголын нүүрс ачсан ачааны машины тоог нэмэгдүүлэх, төмөр замаар нүүрс тээвэрлэх зэрэг асуудлууд яригджээ.
Гэхдээ нөгөө талд Хятадын ган үйлдвэрлэгчид болон түүхий эдийн зах зээлийн шинжээчид Монгол Улс болон ОХУ тэргүүтэй бусад импортлогчид Австралийн хоригийн улмаас бий болсон коксжих нүүрсний нийлүүлэлтийн орон зайг хангалттай нөхөж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандах болсон. Улмаар Бээжин Австралийн нүүрсний импортод тогтоосон хоригоо цуцлах уу гэх сэдэв улам хүчтэй яригдах болоод байна.
Тиймээс мягмар гаригт БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вентао болон Монгол Улсын Шадар сайд Б.Амарсайхан нарын уулзалт нь урд хөршийн хувьд манай нүүрсний импортод олгох сүүлийн боломж байж болох юм. Хэрэв манайхаас шалтгаалсан нүүрсний тээврийн тасалдал дахин үүссэн тохиолдолд зөвхөн ОХУ төдийгүй Австрали дахин хүчтэй байдлаар орж ирэхийг үгүйсгэхгүй.