Financial Review: Монгол Улс “Rio Tinto”-гоос илүү ил тод, нээлттэй байхыг шаардаж байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-09-20 06:35:34

Өнгөрсөн сард хөндлөнгийн шинжээчдийн танилцуулсан дүгнэлтээр Оюу толгойн далд уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрсэнд буруу менежмент нөлөөлсөн хэмээн үзсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар зэсийн уурхайн асуудлаар илүү ил тод, нээлттэй байхыг “Rio Tinto” компаниас шаардаж байна.


Их Британи-Австралид бүртгэлтэй тус компанид тулгараад буй асуудлуудын талаар ил тод мэдээлэх, тэдгээрийг зохицуулахад нь шахалт үзүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотойгоор Монголын сайд, төлөөлөгчид Их Британийн Засгийн газартай уурхайн талаар хэлэлцэхээр Лондон хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Австралийн Канберра хотод ирэх оны эхээр айлчлахаар төлөвлөж байна. 


Нийт 6.75 тэрбум ам.долларын зардал бүхий уурхайн ашиглалтад орох хугацаа эхний хуваариасаа ойролцоогоор хоёр жилээр хойшилж, 5.3 тэрбум ам.долларын анхны төсвөөсөө 1.45 тэрбум ам.доллароор хэтрээд буйг “Rio Tinto” компани геологийн байдал урьдчилан тооцоолсноос хүнд байсантай холбон тайлбарласан юм. Харин хөндлөнгийн шинжээчдийн хувьд дээр дурдсан асуудлуудын шалтгааныг төслийн буруу менежменттэй холбоотой гэж дүгнэсэн билээ.


Лондонд Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжингийн хамт айлчилж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгын хэлснээр, хөндлөнгийн дүгнэлтийг Rio Tinto”-гоос өдийг хүртэл өгч байсан тайлбартай харьцуулж үзэхэд нэлээд ялгаатай байна.


“Монголд ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд нарийн төвөгтэй, хүндрэл бэрхшээлтэй гэдгийг бид бүхэн ойлгож байгаа. Тийнхүү бид “Rio Tinto”-той далд уурхайн ашиглалтад орох хугацаа яагаад хойшилсон, ямар асуудлууд тулгарсан талаар, мөн хугацаа хойшилсон талаарх мэдэгдлүүдийн талаар туйлын шударга хэлэлцээ хийх хэрэгтэй байна” гэж тэрбээр нэмж хэллээ. 


Мөн хөндлөнгийн дүгнэлтийг “нарийвчлан судалж” буй Засгийн газрын хувьд төслийн асуудлаар илүү ил тод, нээлттэй байхыг хүсэж байгааг онцлоод, талууд “харилцан итгэлцэх, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурласан бат бэх харилцааг бий болгох” хэрэгтэйг цохон тэмдэглэв. 


Монголын Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд хэцүү гэсэн нэр зүүхгүйгээр “Rio Tinto”-той Оюу толгойн асуудлуудыг зохицуулахыг эрмэлзэж байна. Б.Солонгын хувьд Монгол дахь “Rio Tinto”-гийн үйл ажиллагааг магтан сайшаахдаа болгоомжлон "харилцан ашигтай шийдэлд ойрын хугацаанд хүрнэ гэдэгт найдаж" буйгаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “Хүрэх зам хэцүү хэдий ч бид зорьсондоо хүрнэ. Манай талын хувьд маргах, санал зөрөлдөхөөс илүүтэйгээр асуудлыг шийдвэрлэхэд голчлон анхаарч байна” гэв. 


Мөн Монголын эрх баригчид Оюу толгойтой холбоотой бусад асуудлуудын шийдвэрлэгдэх хугацааг ч мөн тооцоолох хэрэгтэй юм. Тухайлбал, Торонтод төвтэй “Turquoise Hill Resources” компанийн АНУ-ын хөрөнгө оруулагчид нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр ойрын хугацаанд гарч магадгүй байна. Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг тус компанийн 50.79 хувийг “Rio Tinto” эзэмшдэг юм. 


Үүнээс гадна “Rio Tinto” Монголын уурхайтай холбоотой асуудлуудын талаар зах зээлд цаг тухайд нь, үнэн зөв мэдээлж байсан эсэхийг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Эдгээр асуудал нь компани, Засгийн газрын хоорондын хэлэлцээний тэнцвэрт байдал хийгээд санал болгож, шаардаж болзошгүй нөхөн төлбөрийн хэмжээнд нөлөөлж болзошгүй байна. 

ЛОНДОН. /Financial Review/. 

Холбоотой мэдээ