Д.Хаянхярваа: Монгол улсад "Асгатын мөнгөний орд"-ыг дангаар авч явах чадавх, хөрөнгө байхгүй
Эдийн ЗасагМонголын уул уурхайн салбарын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг "Монголиа Майнинг" олон улсын уул уурхайн салбарын үзэсгэлэнгийн нээлт арав дахь жилдээ "Буянт-Ухаа" спорт цогцолборт өчигдөр /2021.09.22/ боллоо.
Үзэсгэлэнгийн хэлэлцүүлэгт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа оролцож "Төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавив. Тэрбээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулахын тулд боловсон хүчний бодлогод төрийн оролцоог багасгах ёстой гэдгийг онцоллоо.
КОМПАНИ УДИРДАХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ
-Анх "Эрдэнэс Монгол" компанийг 2007 онд үүсгэн байгуулсан. Ингэхдээ:
- Стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших,
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордын тусгай зөвшөөрлийг эзэмших,
- Дээрх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагааг явуулах,
- Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хөгжүүлэх,
- Төрд ногдох ашгийг төвлөрүүлэх гэсэн үндсэн таван зорилготойгоор байгуулсан.
Байгуулагдсанаас хойш 14 жилийн хугацаанд компанийн зорилго үйл ажиллагаа дээрх таван үндсэн чиглэлийн дагуу явагдаж чадаагүй. Компанийг байгуулсан зорилго хазайсан нь төрийн оролцоо хэт их байсантай холбоотой.
Цаашид төрийн өмчит компаниудын үндсэн чиг үүргийг сайжруулъя гэвэл боловсон хүчний бодлогод төрийн оролцоог эрс багасгах ёстой. Өөрөөр хэлбэл компанийн менежмент буюу компанийг удирдаж авч явах боловсон хүчнийг бүрдүүлэх асуудалд төрийн оролцоог багасгах асуудал чухал байна.
ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЭРХ, МЭДЛИЙГ КОМПАНИД ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Сүүлийн үед "Асгатын мөнгөний орд"-д нэлээд анхаарал хандуулж ярих болсон. Энэ ордыг цаашид Монгол улс дангаараа авч явах чадавх, хөрөнгө санхүүгийн нөөц байхгүй. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахдаа бид төр, хувийн хэвшлийн түншлэлийг хамгийн өндөр төвшинд авч ирэх ёстой.
Хоёрдугаарт, энэ компанид гаднын хөрөнгө оруулалтыг татах эрх, мэдлийг шилжүүлж өгөх ёстой. Ингэж гаднын болон дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийнхний түншлэл дээр үйл ажиллагаа явбал, менежмент зөв байх боломж бүрдэх юм.
Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд эрэл, хайгуулын ажилд маш их хэмжээний хөрөнгө, санхүү зарцуулдаг. Энэ утгаараа эрсдэлтэй. Гэтэл өнөөдөр төрд их хэмжээний хөрөнгө гаргаад, эрсдэл үүрээд явах чадавх, эдийн засаг, санхүүгийн хувьд байхгүй. Тэгсэн хэр нь гаднын хөрөнгө оруулалт, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломж өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байж ирсэн.
Бүх асуудалд төрийн оролцоо давамгайлж байгаа нь бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах боломжийг хомстуулж байна.
ТООЦОО СУДАЛГААТАЙ ХАНДАХГҮЙ БОЛ ХЭТ ӨНДӨР ӨРИЙН ДАРАМТ ҮҮСЭХ АЮУЛ НҮҮРЛЭСЭН
Салхитын мөнгөний ордын хувьд 2016 онд, жилд 300 мянган тонны хүдэр боловсруулах хүчин чадалтай суурилагдсан үйлдвэр. Энэ үйлдвэр 2020-2021 онд 196.9 мянган тонн хүдэр боловсруулж 2.8 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ.
Нэмээд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас тоног төхөөрөмжийн саатал, хил гааль, ачаа тээврийн асуудлаас болоод амжаагүй. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хүчин чадал 300-600 мянган тонн болж нэмэгдэнэ. Ингээд 2024 он гэхэд тэтгэврийн зээл тэглэсэн 1.2 их наядын өрийг барагдуулах үүрэг хүлээсэн.
Хүмүүс ойлгохдоо энэ ордыг авсан даруйдаа бүтээгдэхүүнээ зараад тэтгэврийн зээлийг тэглэсэн мэтээр ойлгодог. Гэтэл тийм биш. Урьдчилсан байдлаар ордыг аваад бонд хэлбэрээр гаргаж, тэтгэврийн зээлийг тэглэсэн. Одоо энэ компанийн өр 1.2 их наяд. Өөрөөр хэлбэл Улсын төсвийн олдог орлогын 10 хувийн өрийг энэ компани 2024 он гэхэд барагдуулна гэсэн тооцоо судалгаатай ажиллаж байгаа.
Тэгэхээр цаашид уул уурхайн салбарын асуудалд маш тооцоо сайтай, үндэслэлтэй хандахгүй бол эрсдэлтэй. Хэт хийсвэр хандвал, хэт өндөр өр авлагад баригдана. Улмаар Монголын эдийн засагт өндөр хэмжээний дарамт болох аюул үүсээд байгааг хэлмээр байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛ ОГТ БОЛОХГҮЙ БАЙНА
Эцэст нь хэлэхэд Монголын төрийн өмчийн компаниудад хамгийн их дутагдаж байгаа зүйл бол сайн засаглал. Би жишээ хэлье.
Одоогоос гурван жилийн өмнө УИХ дээр "Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн компаниудын нийт өр 10 их наяд байна" гэж ярьж байв. Энэ нь Монгол Улсын жилд цуглуулдаг төсвийн орлоготой тэнцэхүйц хэмжээний өр, авлагатай гэсэн үг. Тэгэхээр төрийн өмчийн компаниудын засаглал огт болохгүй байна. Үүнд Засгийн газраас анхаарах хэрэгтэй.
Мөн Монголд алтны шороон ордын судлагдсан нөөц дууссан. Өөрөөр хэлбэл шороон орд зогсож байна гэсэн үг. Тийм болохоор хайгуулын ажил хийгээд дараагийн шороон ордыг нээхэд ямар хугацаа, хөрөнгө санхүү шаардлагатай вэ гэдгийг уул уурхайн салбарынхан ойлгож байгаа. Одоо харин төрийн бодлого юу юунаас илүү чухал байна" гэж илтгэлдээ дурдлаа.
"Эрдэнэс Монгол" ХХК 2010-2020 он хүртэлх арван жилийн хугацаанд 2.2 их наядын цэвэр ашигтай ажиллаж 2.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсад төвлөрүүлжээ.