Шатахуун тасалдсанаас жолооч нар зуу, зуугаараа ДУГААРЛАЖ байна
Эдийн ЗасагСүүлийн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомсдолд орж, жолооч нар зам дээр урт дараалал үүсгээд байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулалтаа хийж байна.
Шатахуун ийн хомсдсон нь 2021 оны наймдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас үйлдвэрийн урсгалзасвар хийж, засвар нь удаарширсантай холбоотой захиалсан шатахууныг төлөвлөсөн ёсоор нийлүүлээгүйтэй холбоотой. Мөн БНХАУ-ын үйлдвэрүүдээс шатахуун захиалсан боловч төмөр замын ачаа тээврийн зохицуулалтаас болоод нийлүүлэлт маш их удаашралтай байгаа юм. Ийнхүү хязгаарлалт үүсэж, хэрэглэгчийн бухимдал үүссэнтэй холбоотойгоор станцын түгээгч нартай бүдүүлэг харьцах, дарамтлах, жолооч нар хоорондоо зодолдох асуудал ч үүсээд байна.
ЯРИА: Иргэн: Х.ХАШБАЯР: Энд ирээд 30 минут зогсож байна. Миний өмнө 56 машин байна. Буруу талдаа банктай машинууд урсгал сөрөөд оочирлосон байсныг цагдаа нар тарааж, нөгөө талдаа оч гээд тарааж байна. Сод монгол дээр 70-80 машин яг одоо байна. Зөвхөн карттай хэрэглэгч нартаа 30 мянгад багтааж өгнө гэж байна. Өчигдөр ирэхэд АИ 92 байхгүй, АИ 95 байна гэсэн учраас ажил амжихгүй яваад өгсөн. Өнөөдөр ямар ч байсан зогсож байгаад бензинээ авах гээд гүрийгээд байж байна. Хойноос зарим машин бензин нь дуусаад түрчихсэн явж байна. Шунхлай дээр нэг цаг оочирлоод бензин авч чадсангүй гээд миний ард зогсож байгаа ах ярьж байна.
ЯРИА: Түгээгч: Б.АЛТАНЦЭЦЭГ: Карттай иргэдэд үйлчлэх гэсэн ч бензин дууссан учраас үйлчлэх боломжгүй байна. Хүмүүс ойлгохгүй байна. Дайраад, хэрэлдээд. Бид бас ажиллаж байгаа шүү дээ. Бензин байсан бол орлогоо бодоод зарахыг бодно шүү дээ. Байхгүй учраас ямар ч арга байхгүй. Хүмүүсийн бухимдал их байна. Уурлаад, стресстээд, есөн шидээр хэлж хашгичаад янз янз болж байна. Ажил хийж байгаа бид нарт бас хэцүү байна.
ЯРИА: Иргэн: Ц.МӨНХЖАРГАЛ: Би хоёр, гурван газар орлоо. Петровис, Сод монголоор орлоо.Төрийн албан хаагчдад үйлчилнэ, картаар үйлчилнэ гээд байна. Бараг гурван цаг гаруй явлаа. Миний бензин яг дуусаж байна. Ерөөсөө энэ төр засаг зургаадугаар сараас нэмнэ гэснээрээ нэмэх байсан. Нэмэхгүй сонгууль гэж байснаа сонгуулийн дараа нэмчихлээ. Талхны үнэ хэд болов. Үнэхээр ард түмнээ бодохгүй байна. Аль аль нам нь ялгаагүй. Бүгд гараад адилхан улсын юмыг хувьдаа идэж байна. Сод монгол энэ тэр бол төрийн мэдлийнх юм шиг болчихсон. Бензин байхгүй гээд иргэдийг өчнөөн олноор нь оочирлуулаад хэцүү байна шүү дээ. Үүнийг зохицуулж байгаа цагдаад хүртэл хэцүү байна. Бензин авахын тулд яах аргагүй урсгал сөрж зогсож байна. Өчигдөр мэдээ сонсоход 200 төгрөг нэмвэл бид алдагдалгүй ажиллана гээд ярьж байна. Нэмэх хэрэгтэй шүү дээ.