МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ АНХААРАЛД "БУРХАН МОНГОЛД ХАЙРТАЙ"
Эдийн Засаг"БУРХАН МОНГОЛД ХАЙРТАЙ"
01. Жилинь мужийн захирагч Монголоос нүүрс худалдан авах тухай мэдэгдсэн талаар ямар ч байсан Ази болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиад эхлэлээ.
02. Ер нь Хятадын нүүрсний дутагдал, цахилгаан эрчим хүчний хямрал зөвхөн дотоодын төдийгүй дэлхий нийтийн асуудал болох төлөв харагдаад эхлэв. Дэлхийн том том хөрөнгийн биржүүдэд «Хүчтэй газар хөдлөлт» болж байгаа нь дээрх асуудлаас үүдэлтэй байж таарна. Том том улс гүрнүүдэд ч Хятадын нүүрс, цахилгааны хямрал хүнд тусаж эхлээд байна.
03. Харин ийм эгзэгтэй цаг үед «Ганцхан асар том хожих улс гэвэл миний Монгол байна.» гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй болов уу? Одоо Австрали улс тоглолтоос шахагдан гарснаас хойш Хятадын нүүрсний зах зээл дээрхи хамгийн том гурван тоглогч байгааг дараалан жагсааваас Индонези, Орос, Монгол гурав юм.
04. Индонезийн хувьд цар тахлын улмаас нүүрсний экспорт тааруу байгаа. Дээр нь Индонезиуд Австралиас их хэмжээний нүүрс худалдан авч түүнийгээ өөрсдөд нь дамлан зараад байгаа болохоор Хятадууд тэдэнд нэг их таатай хандахгүй л дээ. Харин энэ салбарын тоглоомон дээр ихээхэн овсгоотой ажилласаар манай өмнө гарчихаад байгаа Орос улсын хувьд экспортоо огцом өсгөх боломж тааруу. Адаглаад л нүүрсний том том уурхайнууд нь хоёр улсын хилээс алслагдмал гэх жишээтэй. Ингэхээр нүүрсний экспортоо огцом өсгөх ганц боломжтой гарц байгаа нь Монгол маань юм.
05. Америк, Канадууд хүртэл Хятадын нүүрсний зах зээл рүү үхэлдээд байгаа гэхээр хичнээн том бялуу болох нь ойлгомжтой. Австрали Хятад хоёр улс буцаж эвлэрээд нүүрсээ гаргаж эхлэтэл бас лай ч байна, зай ч байна гэдэг болох байх аа.
06. Хятадад нүүрсний хямрал нүүрлээд байгаа нь "Австрали хэмээх том тоглогчийг тооцоогүй шахан гаргасан ГЯЯ-тай холбоотой.", "Цар тахал нэрийн дор Монголын нүүрс тээврийн тэрэгнүүдийг оруулахгүй байсан Өмнөд хилийн боомтуудын хүнд суртал ч үүнд нөлөөлсөн" хэмээн дотоодын хэвлэл дээр нь шүүмжлэсэн өнгө аяс цухалзуулсан мэдээлэл гарч байгаа болохоор манай нүүрс тээвэрлэлт тун ойрын үед буцаад сэргэх буй за. Ер нь ч тийм төлөв ажиглагдаад байгаа.
07. Үүсээд байгаа нөхцөл байдлаас үзэхэд манай улс нүүрсний экспортоо зүүн хойд Хятадын хүнд аж үйлдвэрийн гол бүс нутаг Жилинь, Ляонин, Хэйлунзян мужууд руу хандуулчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхдээ заавал хил гааль давуулах хэрэггүй. Хятадын туршлагаар хилийн наад хэсэгт асар том экспортын нүүрсний зах байгуулаад түүн рүү дотоодын нүүрсээ зөөж аваачаад чанар үнэ өртгөөр нь төрөлжүүлж хураагаад байх хэрэгтэй. Тийм нүүрсний дамжуулан худалдаалах олон улсын захыг Дорнод хилийнхээ хамгийн зүүн цэг болох Нөмрөгийн сав газар байгуулахад тохиромжтой санагдана. Бурхан тэнгэрийн авралаар тэр хэсэгт Хятадын талаас Рашаант, Баарин зүүн хошуу тэргүүтэй гурван ч төмөр зам тавигдчихаад байгаа юм. Бид үнэт түүхий эдээ барьж очоод аваач гэж гуйх биш. Харин хятадууд өөрсдөө ном журмын дагуу орж ирээд худалдан авдаг болчихвол аль алиндаа амар биз дээ. Харин хилээс нааш 10-20 км-ын зайтай байгуулагдах нүүрсний олон улсын зах хүртэл Хятадын талаас нарийн төмөр зам орж ирээд холбогдох асуудлыг улс төржилгүй шийдээд өгчих л дөө. Тэр нүүрс борлуулах том төвийг «Олон улсын зах» гэнэ үү? «Нээлттэй бүс» маягтай ажиллуулах уу гэдгээ бодлого боловсруулагч нар шийднэ биз.
08. Хятад улс Циньхуан Дао нэрт хотод яг ийм нүүрс борлуулах дотоодын нэгдсэн том захыг байгуулсан. Манай төр засгийн төлөөлөл, элчин сайдын яамныхан түүнийг очоод үзэж судлавал санаа оноо авах зүйл чамгүй их байх нь тодорхой.
09. Эхний ээлжинд төмөр зам, автозамын тээврийг хослуулсан маягтай ажиллаж байгаад олсон ашгаасаа хуримтлал үүсгэн Бага-Нуураас Өндөр-Хаан, Баруун-Уртаар дайруулсан төмөр замыг Чойбалсантай холбочих хэрэгтэй.
10. Өөр нэг маш ашигтай нөхцөл байдал юу хэмээвээс манай зүүн гурван аймагт хүрэн нүүрсний нөөц маш их юм байна шүү дээ. Энэ тал дээр Өвөрмонгол манайтай өрсөлдөхүйц бөгөөд тэнд хүрэн нүүрсний үнэ ханш тогтмол чамгүй өсөж байгаа нь манай талд бас л ашигтай мэдээлэл юм.
11. Ер нь манай улс цаашид урт холын замд нүүрс тээвэрлэж байснаас хил дагуу бүс нутгуудад асар том дулааны цахилгаан станцууд байгуулчихаад гаргасан бүтээгдхүүнээ Хятад руу шууд экспортлож байвал нүүрснээ хавьгүй илүү ашигтай юм л даа. Хятадад кв цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 250 төгрөгтэй тэнцэж байгаа нь манайхаас хавьгүй үнэтэй хэрэг байж таарна.
12. “Тэр олон үйлдвэрүүдийг байгуулах нь байтугай ганц 5 дугаар цахилгаан станц байгуулах гээд хөрөнгө мөнгөгүй өдий болтол сууж байгааг яах билээ?” гээд болохгүй бүтэхгүй талаас нь битгий яриад эхлээрэй дээ.
Boldbaatar Dorjsuren