Венесуэль улс үндэсний мөнгөн дэвсгэртээсээ зургаан тэгийг хаслаа
Эдийн ЗасагЭдийн засгийн гүн хямрал, хэт инфляцид нэрвэгдсэн Венесуэль улсын засгийн газар өнөөдрөөс эхлэн мөнгөн дэвсгэртээсээ зургаан тэг хасахаар болжээ.
2008 онд тус улсын ерөнхийлөгч агсан Уго Чавез үндэсний валют боливарын дэвсгэртээс гурван тэг хасах шийдвэр гаргаж байв. Дараа нь 2018 онд түүний залгамжлагч Николас Мадуро дахин таван тэг хасаж байжээ.
Өнөөдрийнхтэй нийлээд сүүлийн 13 жилийн дотор 14 тэг хасаж байна.
Төлбөр тооцоог энгийн, хялбар болгох зорилготой гэх энэхүү шийдвэрийн дараа нэг сая боливарын дэвсгэрт 1 боливартай тэнцүү буюу ойролцоогоор $0.25-тай тэнцэж байгаа юм.
Үүнээс бага хэмжээтэй дэвсгэртүүд ямар ч үнэ цэнэгүй, хүүхдийн тоглоом болсон байна. Өчигдөр нэг ширхэг талх авахын тулд венесуэльчууд долоон сая боливар төлдөг байжээ.
Газрын тосны үнэ ханшийн уналт, төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалтын улмаас Венесуэль улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 оноос хойш 80 хувиар буурсан юм.
Одоо тус улсын иргэд төлбөр тооцоог хялбарчлахын тулд ам.доллар ашиглаж, дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ ам.доллараар илэрхийлдэг.
Венесуэлийн хил хязгаарын бүс нутгуудад боливарын оронд Колумбын песо, Бразилын реал, заримдаа алт хэрэглэх явдал түгээмэл. Өнөөдрийн өөрчлөлтийн дараа Венесуэлийн засгийн газар 5, 10, 20, 50, 100 боливарын шинэ дэвсгэртүүд, нэг боливарын зоос гаргахаар болсон байна.
Гэхдээ тус улсын эрх баригчид цаашдаа байнга ханш нь унаж буй мөнгөн дэвсгэртээ бүрэн дижитал болгох зорилт тавиад байгаа.
Венесуэлийн жилийн төсөв 2007 онд 115 тэрбум боливар буюу $50 тэрбумтай тэнцдэг байжээ. Харин өнөөдрийн ханшаар тооцвол энэ нь маш бага мөнгө болох юм.
2020 онд тус улсын инфляц 3,000 хувьд хүрсэн бол өмнөх онд нь 9,500 хүрч байжээ. 2021 онд 1,600 хувьд хүрэх төлөвтэй байгааг Ecoanalitica байгууллага тооцоолсон байна.
Энэ оны тавдугаар сард эрх баригчид сарын цалингийн доод хэмжээг гурав дахин өсгөсөн ч энэ нь нэг килограмм мах худалдаж авахад хүрэхгүй хэмжээнд байгаа юм.
Венесуэль улсын дөрвөн иргэн тутмын гурав нь нэн ядуу түвшинд амьдарч байна.
Олон сая хүн амьдрал ахуйгаа сайжруулахаар эх орноосоо дүрвээд байгаа билээ.
Эх сурвалж: AFP