Ц.Гансүх:Ковидоор өвдөөд эмнэлгийн тусламж авсан иргэд “ЭДГЭСЭН” гэх бичгээ авж очоод тэтгэмж авах эрхтэй

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-10-24 10:11:10

Коронавирусийн халдварт өртөж эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэсэн хүмүүс хөдөлмөрийн чадвараа түр алдсан хэмээн Нийгмийн даатгалаас тэтгэмж авах боломжтой юм байна. Энэ талаар НДЕГ-ын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч Ц.Гансүхээс тодрууллаа.

-Ковидын халдварт өртсөн даатгуулагчид тэтгэмж авах боломжтой гэсэн. Энэ тэтгэмжийг яаж олж авах бэ?

–Коронавирусийн халдварын улмаас өвчилсөн даатгуулагч маань хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Тухайн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар алдаад эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ тусламж үйлчилгээ авсан хугацаанд эрүүл мэндийн байгууллагаас бичиж олгосон эмнэлгийн хуудсыг үндэслэн тэтгэмжийг олгодог. Энэ тэтгэмжийг авах үндсэн баримт бол эрүүл мэндийн байгууллагаас бичиж олгосон эдгэрсэн гэсэн эмнэлгийн хуудас байгаа юм. Тэгэхээр тухайн байгууллагаасаа бичиж олгосон хуудсаа аваад харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгөх ёстой.

Сайн дурын даатгуулагчдын хувьд ч харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстээ эмнэлгийн хуудсаа хүргүүлээд холбогдох журмын дагуу тэтгэмжээ авч байгаа. Ажил хөдөлмөр эрхэлж, даатгал төлж байгаа даатгуулагчид ч мөн адил ийм журмаар явж тэтгэмжээ авна.

-Тэтгэмж авах эрх хэзээ үүсэх вэ. Мөн тэтгэмжийг хэдэн хувиар тооцож олгох уу?

-Тэтгэмж авах эрх яаж үүсэх вэ гэхээр нэгдүгээрт тухайн даатгуулагч халдвараар өвчлөөд эрүүл мэндийн байгууллага буюу өөрөөр хэлбэл эмнэлгээс тусламж үйлчилгаа авсан байх ёстой. Тэгээд эмнэлгийн хуудсаа бичүүлж авч ирэх. Хоёрдугаарт Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өвчлөлийн өмнөх гурав болон түүнээс дээш сарын хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэсэн болзол журмыг хангасан даатгуулагчид тэтгэмжийг олгодог.

Энэ тэтгэмжийг олгох хувь хэмжээ ямар байх вэ гэхээр тухайн даатгуулагчийн бүтэн ажилласан гурван сарын цалин хөлсний дунджаас 50-75 хувиар бодож тэтгэмжийг олгож байгаа.


Холбоотой мэдээ