“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Фото“Намрын ногоон өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа.
Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар барьж, босгоод байгаа юм. Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид байршиж, тарьсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийслэлээс олгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Сүхбаатарын талбай дахь зарим асарт нийслэлийн харьяа газар, алба, агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлаа иргэдэд танилцуулж байна. “Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.