Ч.Хүрэлбаатар: "Хаан банк"-ны хувьцааны наймаанд улстөрчид оролцсон бол дэлхий даяараа шившиг болно

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-11-04 15:09:40

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Төрөөс мөнгөний бодлого баримтлах үндсэн гурван зорилтын нэг нь Төв банк цахим мөнгө гаргана гэсэн асуудлыг судлах ёстой. Энэ хэр бодитой зорилт вэ. Олон гишүүд блокчейн болон крипто валютын тухай ярьж байна. Энэ сэдэв дээр Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо илүү чанга дуугармаар байна. "Энэ эрсдэлтэй шүү. Алдвал өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй гэж хэлэх биш. Илүү ялгаж салгах дээр мэдээлэл өгөх болон хатуу байр суурь илэрхийлэх хэрэгтэй.

Ч.Хүрэлбаатар гишүүн Хаан банкны асуудлыг хөндлөө. Хаан банк манай улсын хамгийн том банк. Дангаараа зах зээлийн 40-өөс илүү хувийг эзэмшдэг . Энэ их том ач холбогдолтой банк. Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдаж авсан байвал Банкны тухай хуулийн 36.14-ийг зөрчсөн бишүү. Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн заалт байгаа шүү дээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёр нийлж байж энэ асуудал шийдэгдсэн. Манай улсын хамгийн том арилжааны банкинд ийм асуудал үүсвэл тогтвортой байдал бүрэн алдагдаж, ганхана шүү" гэлээ.

Харин Монголын банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан банкыг анх 2003 онд хувьчилж байсан. 2003 хувьчилж байхад Японы хөрөнгө оруулагч 60 хувийг, Монголын хөрөнгө оруулагч 40 хувийг эзэмшээд бүртгэлтэй явж байсан. Хуулийн дагуу банкны хувьцаа эзэмшигч ил тод байх ёстой. Энэ дагуу тухайн банкны вэбсайт, Монголбанкны мэдээллийн санд ч байдаг. Банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл Улсын бүртгэлд байдаг. Уг мэдээллээр ХХБ-ны эзэмшигч Хаан банкны хувьцааг авсан гэх мэдээлэл байхгүй. Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. 5 хувиас илүү байж болохгүй гэсэн хууль хэвийн үйлчилж байгаа" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар"Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр өгсөн гүйлгээгээр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө "Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ" гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.

Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад "Саарал жагсаалт" руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун "Саарал жагсаалт" шууд "Хар жагсаалт" руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй" гэсэн юм.






Холбоотой мэдээ