Санхүүгийн луйврын схемүүд
Эдийн ЗасагСанхүүгийн луйврын схемүүд
Нийгмийн амьдралын цусны эргэлт мөнгө.
Мөнгө бол оюун ухаан, хөдөлмөрийн үнэлэмж учраас мөнгөнд шунах огт муу зүйл биш.
Их мөнгө олохын тулд хөдөлмөрлө, эсвэл толгойгоо олигтой ажиллуул.
Гэвч хүмүүст нэг их хөдлөхгүйгээр их мөнгө олчих шунал ямагт байдаг.
Чухам энэхүү шунал дээр суурилсан төрөл бүрийн луйврын нарийн технологийг хүмүүс хөгжүүлсэн, ашигласан. Тэдгээрийн талаар сонссон, мэдсэнээ хуваалцъя даа.
1. Бүүр 19-р дууны үед Грегор МкГрегор гэдэг Шотланд гар Карибын тэнгист байдаг гэх Poyai хэмээх диваажин мэт улсыг Лондонд сурталчилж, газар, засгийн газрын бондыг нь зарж, асар их мөнгө хийсэн гэдэг. Газраа авч диваажиндаа амьдрахаар тийшээ явсан 250 орчим "газрын эзэн" улсаа ч олохгүй, газраа ч олохгүй Хондурасын ширэнгэнд ясаа тавьсан гэдэг.
2. 1920-иод онд "тодорсон" Итали гаралтай Америк луйварчин Чарльз Понзигийн нэрээр нэрлэсэн Понзи схем нь хүмүүст мөнгөнд нь өндөр өгөөж амлаад л, өнөөдөр авсан мөнгөө өчигдөр өгсөн хүнд өгөх маягаар цуглуулаад л байна, цуглуулаад л байна. Тэгээд л нэг өдөр олон хүн мөнгөө авах болохоор тэсэрдэг схем. 21-р зууны эхээр АНУ-ын санхүүч Берни Мадофф гэдэг хүн яг ийм схемээр хэдэн зуун мянган хүнийг хохироож, 64 тэрбум доллар цуглуулсан. 2009 онд булхай нь илэрч 125 жилийн ял аваад, шоронд бурхан болсон.
3. Пирамид схем. Сүлжээний гишүүнээр 100 доллар төлж элсээд, доороо гурван хүн элсүүлээд 200-г авна.
Тэгээд доод талын доод талын хүмүүсээсээ бас өгөөж авна гэвэл манайхан шуурдаг даа.
Ийм схемийг пирамид схем гэдэг.
Харин Amway, Herbalife зэрэг сүлжээний маркетинг ийм схем ашигладаг ч бараа борлуулж санхүүжилт нь пирамидын гадна талаас буюу зах зээлээс хийгддэг учраас луйвар биш л дээ, тэр бол зүгээр сүлжээний маркетинг.
4. Pump & dump буюу Хөөрөгд, хая гэдэг системийг төрөл бүрийн крипто валютаас харж болно.
Цаанаа үнэ цэнэтэй юм уу үнэ цэнэгүй юм уу огт ойлгомжгүй дээр дурдсан диваажингийн Poyai арал шиг зүйлийг зарна. Гэхдээ түүнийгээ гоё домог, өөр хүмүүсийн баяжсан түүх, технологийн үг хэллэгээр чимээд л өчнөөн хүмүүсийн мөнгө оруулна.
Тэгээд араас нь тэр "Poyai-ийн эзэд" өөрсдөө их мөнгө оруулаад л асар их эрэлттэй болгоод үнийг нь 10 дахин, 100 дахин хөөрөгдөж өгөөд, мөнгөө олон дахин нугалаад зарж орхино.
Буцаад унана, авсан хүмүүс дахиад өсөх байх гэж найдан хүлээнэ, дахиад нэг гоё түүх зохиож байгаад дахиад л өсгөнө, өмнөх түүх давтагдана.
Тэр үед спекуляторын мөнгө өсгөж өгөх шинэ хохирогчид сайн дураараа ороод л ирсэн байна.
Одоо төрөл бүрийн зооснууд манайд ид хяргаж байна даа.
Эдгээрийн бизнесийн модель энэ Dump and Pump систем дээр суурилсан.
Үнэ хөөрөгдөхөөс өмнө ороод эзэдтэй хамт эсвэл өмнө нь зараад гарч чадвал та хожиж болох л юм.
Гэхдээ хөрөнгө оруулагчдын дийлэнх нь алддаг тоглоом.
Манайд хадгаламж зээлийн хоршоо, одоо энэ койнууд аль аль нь хүний хурдан мөнгө олох шунал дээр суурилсан бизнесүүд.
Эцэстээ тэр бизнес нь ч, тэнд орлцсон хүмүүс ч сүйрээд дуусдагийг манай зах зээлийн хөгжлийн өмнөх түүх, хүн төрөлхтний туршлага харуулж байна.
Бодолтой хандана биз дээ.
Койнд 600,000 хүн 2 их наяд төгрөг оруулсан гэнэ.
Бараг хүн болгон койнчин болж байгаа юм уу даа.
Pump&dump гэж нэрлэдэг луйврын схем дээр суурилсан койны зах зээл их энгийн.
Хэн нэгэн А гэдэг нэртэй койн гаргалаа гэхэд түүнд нь өнөөдрөөс эхлээд 10 хоногийн дотор 100 хүн сая сая төгрөг орууллаа гэж бодоход 10 хоногийн дараа А койн нийт 100 сая зах зээлийн үнэлгээтэй болчихно.
Тэр 100 хүнээс түрүүлж орсон 10 нь мөнгөө 10 дахин өгсөөд 10, 10 сая төгрөгтэй болоод гарах үед үлдсэн 90 нь цэвэр алдагдал хүлээсэн байна.
Ашиг алдагдлын нийлбэр 0-тэй тэнцүү.
Zero sum game гэж нэрлэдэг.
Яг мөрийтэй тоглоом шиг.
Та хожихын тулд хэн нэгэн алдах, эсвэл хэн нэгэн хожихын тулд та алдах хэрэгтэй.
Учир нь тэр койны цаана ямар ч үнэ цэнэ байхгүй.
Зах зээл дээрээс ширхэг нохойн баас ч худалдаж авч болохгүй.
Та ийм луйварт оролцъё гэвэл танд мөнгөө алдах эргүүнүүд ахиухан орох газар орвол ашиг олж болох л юм.
Лут өсч байна гэсэн газар сэтгэл хөдлөлөөр орвол, ашиг хийгээд зараад гарах гэсэн койнчдын олох ашгийг санхүүжүүлээд гуяа тэврээд үлдэх магадлал 90 хувь шүү дээ.
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.