Д.Зоригт: Капитал банкнаас авах 104 тэрбумын авлага 74 тэрбум болж буурсан

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-12-05 23:18:41

Дампуурсан банкуудад алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэрхэж байгаа талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.

-КАПИТАЛ БАНКНААС АВАХ 104 ТЭРБУМААС 30-ЫГ Л АВСАН. Тун харамсалтай!

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэд хэдэн арилжааны банкуудад гацсан байдалтай байгаа. Энэ хөрөнгийг татаж авах ажил хэрхэж байна вэ. Тухайлбал, Капитал банкинд байршуулаад алдсан мөнгөө хэдэн жил авч чадахгүй байна шүү дээ?

-Капитал банкны хувьд шүүх дээр асуудал үргэлжилж байна. Тус банк дампуураагүй байхад зээл авсан, түүнийгээ эргэж төлөөгүй аж ахуй нэгж, иргэдийн асуудал мөн шүүхийн шатанд байна. Тэд зээлийн эргэн төлөлтөө хийж байж, бидний хохирлыг барагдуулна. Нөгөө талаар Капитал банкны удирдлагуудтай холбоотой шүүх хурлууд эцэслэгдээгүй байна.

-Капитал банкнаас 104 тэрбум авах ёстой. Түүнээс авч чадсан уу?

-Бидний зүгээс энэ хугацаанд банкны эрх хүлээн авагчтай харилцаад, ажил урагшилж байна. 104 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол өнөөдрийн байдлаар 74 тэрбум болж буурсан.

-30 тэрбумыг бэлнээр авчихсан гэсэн үг үү?

-Үндсэндээ 22 тэрбумын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авсан. Борлуулах ажил эхлээд, эхнээсээ дуудлага худалдаа зарлаад явж байна. Мөн 8 орчим тэрбум төгрөгийн өрийг бэлнээр барагдуулсан. Жаахан удаашралтай байгаа асуудал нь шүүхээс болж байгаа гэж ойлгож болно. Бидний зүгээс зүгээр суугаагүй.

-ЧИНГИС ХААН БАНКНААС 100 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ-

-Бас Чингис хаан банкинд нийгмийн даатгалын сангийн мөнгө байршиж байсан. Мөн л дампуурах нь тодорхой болчихсон, аж ахуй нэгж, иргэдийн мөнгийг гаргаж өгч чадахгүй болсон банк. Хэдий хэмжээний мөнгө байршуулсан байсан бэ?

-Чингис хаан банкнаас зээл авсан зээлдэгчидтэй давхар гэрээ байгуулаад, шүүхийн шийдвэрийхэнтэй хамтарч ажиллаад тодорхой хөрөнгүүдийг нь борлуулаад, заримыг нь дуудлага худалдаанд оруулах ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар 100 тэрбумын авлага авна. Шүүхийн маргаан бас үргэлжилж байгаа учраас битүүмжилсэн хөрөнгүүд байгаа. Тэднээс гаргаж өгөөч гэх хүсэлтээ прокурор, хууль хүчний байгууллагад гаргасан.

-Хөрөнгө оруулалтын банкинд хэдэн төгрөг хадгалуулсан байгаа вэ?

-Таван тэрбум төгрөг хадгалуулсан байсан. Түүнийгээ авсан, одоо өр төлбөргүй.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг дампуурах гэж байгаа банкуудад зориудаар байршуулаад, мөнгө угааж байна гэдэг шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Манай хуулинд Засгийн газрын бонд авах, Монгол банкны үнэт цаас авах, арилжааны банкинд байршуулах замаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулна гэж заасан байдаг. Засгийн газрын бондыг 2016-2019 онд хооронд авч байсан. Түнээс хойш бонд гаргаагүй. Монгол банкны үнэт цаас авах боломж нь өөрөө манайд хаалттай. Арилжааны банкууд авдаг. Шинээр өргөн барьсан хуулиндаа нэлээд өөрчлөлт оруулахаар тусгачихсан байна.

Капитал банктай 2008 оноос эхэлж харилцаж эхэлсэн. 2015 оноос үйл ажиллагаа нь доголдоод, дампуурсан. Бусад банкны хувьд бид мөнгө байршуулахдаа тухайн банкны бүх үзүүлэлтүүдийг харгалздаг. Цар тахлаас үүдэлтэй зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлт саарсан, янз бүрийн шалтгаанууд байна. Сүүлийн жилүүдэд бид арилжааны банкуудад мөнгө байршуулаагүй.


Холбоотой мэдээ