Биткойны үүсгэн байгуулагчдын шүүхийн маргаанд Крэйг Райт ялалт байгууллаа

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-12-08 23:29:44
Сатоши Накамото гэх үл мэдэгдэх хүн эвсэл бүлэг хүмүүс одоогоос 13 жилийн өмнө буюу 2008 онд блокчейн технологийг танилцуулж, дараа жил нь биткойн буюу дэлхийн хамгийн анхны криптовалютыг арилжаанд нэвтрүүлж байв.

Биткойны зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 965.1 тэрбум ам.долларт хүрсэн ч анхны үүсгэн байгуулагч нь хэн бэ гэх асуулт одоог хүртэл тодорхойгүй байдаг.

Харин 2016 онд Австралийн компьютерын эрдэмтэн Крэйг Райт гэх хүн өөрийгөө биткойныг үүсгэн байгуулсан багийн гол хүн байсан гэж мэдэгдсэн юм. Тэрээр хамгийн анхны биткойны криптограф буюу Сатоши Накамотогийн түлхүүрийг эзэмшдэг гэж нотолдог.  

Хэдий тийм ч блокчейн технологийн мэргэжилтнүүд түүнийг 2009 онд Сатоши Накамотогийн биткойны гүйлгээнд ашигласан түлхүүрийг ашиглан бусдыг хууран мэхэлж, луйвардсан гэж үздэг.

Мөн Крэйг Райт тухайн үед уг мэдэгдлийг хийснээсээ хэдхэн хоногийн дараа биткойныг үүсгэн байгуулагчийн хувиар террористуудыг санхүүжүүлдэг тогтолцоог бий болгосон гэх үндэслэлээр Их Британид хүнд ноцтой ялаар шийтгүүлж, хоригдох болсон гэж мэдээлж байсан юм.  

Гэсэн ч тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард АНУ-д биткойны “whitepaper” болон “bitcoin 0.1” анхны кодын зохиогчийн эрхийг авсан байдаг. 

Үүнээс өмнө Крэйг Райт биткойныг Дэйв Клейман болон Хал Финни гэх АНУ-ын компьютерийн эрдэмтэдтэй хамтран үүсгэн байгуулсан гэж мэдэгдэж байв.



Гэтэл Дэйв Клейман 2013 онд 46 насандаа нас барсан бол Хал Финни 2014 онд 58 насандаа нас барсан байдаг. Өөрөөр хэлбэл, Дэйв Клейман өөрийн луйвардаа нас барсан хүмүүсийн нэрийг ашигласан уу гэх асуудал бий болсон юм.

Өдгөө 51 настай Крэйг Райт нь нийт 1.1 сая нэгж буюу өнөөдрийн ханшаар 56.1 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий биткойн эзэмшдэг аж.

Харин 2018 онд Дэйв Клейманы гэр бүл Флорида мужийн шүүхэд Крэйг Райт хууль ёсны зохиогчийн эрхийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр түүнээс 1.1 сая нэгж биткойныг нэхэмжилсэн юм. Шүүхээс 2019 оны наймдугаар сард Крэйг Райтад Клейманы нэрийг биткойны зохиогчийн эрхийн бүртгэлд оруулж, 2008-2013 оны хооронд олборлосон нийт 1.1 сая нэгж биткойныхоо хагасыг өв залгамжлагчид буюу нэхэмжлэгчдэд өгөх ёстой гэх шийдвэрийг гаргасан. 

Улмаар Крэйг Райт уг асуудлаар давж заалдаж эхэлсэн.  

Тэгвэл давж заалдах шүүх хурал гурван долоо хоногийн турш үргэлжилсний эцэст даваа гаригт Флорида мужийн Миами хотын тангарагтны шүүх биткойны үүсгэн байгуулагчдын оролцоог харгалзан цаашид давж заалдах боломжгүйгээр Крэйг Райт 1.1 нэгж биткойны тал хувийг Дэйв Клейманы гэр бүлд шилжүүлэх ёсгүй гэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Крэйг Райт Дэйв Клейманы өв залгамжлагчидтай үүссэн шүүхийн маргаанд ялалт байгуулсан юм.

Мөн шүүхээс биткойны үүсгэн байгуулагч үнэхээр хэн бэ гэх асуудалд ямар ч шийдвэр гаргаагүй. 

Тиймээс Сатоши Накамото гэж хэн бэ гэх сэдэв асуултын тэмдэг хэвээр үлдэж байгаа юм.

Крэйг Райт 2019 онд блокчейн технологийн нэр бүхий мэргэжилтнүүд тэр дунд дэлхийн хоёр дахь том “этэриум” криптовалютыг үүсгэн байгуулагч Виталик Бутериныг нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхэд өгсөн байдаг.

Эх сурвалж: CNBC, Wired, Marketwatch

Холбоотой мэдээ