Бадарчин баярлах болоогүй
Эдийн ЗасагГадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн өгсөн мэдээллээр бол өнөөдөр Эрээн-Замын-Үүд боомтын авто замын тээвэр эхэлнэ. Бүх төрлийн ачаа барааг чингэлэгт хийж, авто замаар тээвэрлэнэ. Харин манайхан өчигдөр Эрээний боомт нээгдлээ хэмээн олон нийтийн сүлжээндээ хэсэг шуугилаа. Боомт нээгдсэн биш авто замын тээвэр эхэлж байгаа өдөр. Эрээнд овоорсон их ачаагаа л татаж авна гэсэн үг.
Гэхдээ бадарчин баярлах болоогүй. Авто замын тээвэр эхэллээ гээд ачаа тээвэр шуударлаа гэсэн үг биш. Эхний ээлжинд ачаатай зогсч байгаа 150 орчим машиныг суллана. Тэдний ачааг тээвэрлэсний дараа чингэлэг тээвэр эхэлнэ гэдгийг Гадаад харилцааны дэд сайд хэлсэн. Тэгэхээр тэр нь хэзээ дуусах, чингэлэг тээвэр нь хэзээ жигдрэхийг хэлэхэд түвэгтэй. Товчхондоо Эрээнд гацсан бараагаа авна гэж эрт баярлах хэрэггүй л гэсэн үг.
Өвлийн 24 дүгээр олимп 2022 оны 02 дугаар сарын 04-нд БНХАУ-ын Бээжин хотод эхэлнэ. Энэ олимпыг дотоодын үзэгчдэд нээлттэй байлгахын тулд Хятад улс хил гаалиа чангатгаж, “ковидыг экспортолсон ч импортлохгүй” гэсэн хатуу зарчимтай ажиллаж байна.
Энэ зарчим нь манай улсын экспорт, импортыг бараг бүрэн зогсолтод оруулж, идэх хоол, өмсөх хувцасны гачигдлыг эхнээс нь мэдрүүлж байна. Хөрш орноос ямар их хараат явж ирснээ монголчуудад дээр, дооргүй мэдэж авлаа, мэдэрч үзлээ. Бүр Ерөнхий сайд нь “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” эх орон даяараа мэдрэмжээ хуваалцав. Олон жил үргэлжилсэн энэ үнэнийг хэн ч ярихыг хүсдэггүй, шийдэхийг хичээдэггүй байлаа. Улс төрийн хүрээнийхэн, төр засгийн удирдлагууд нь импортолдоггүй улс гэж байхгүй хэмээн эс үйлдэхүйгээ хаацайлсаар өнөөдөр хамраараа газар хатгаж байна. Эрээнд нэг хятад найтаахад монголчууд бүгдээрээ хатгалгаа тусаж, хэвтэрт орж байна.
Тэгээд “урдаас хариу эсвэл зөвшөөрөл хүлээдэг” зовлонтой нүүр туллаа. Засгийн газрын сайд нар “урд хөрш хэзээ команд өгнө, тэр цагт бид хөдөлнө” гээд сууж байдаг. Бидний үнэн төрх энэ. Улсын төсвөө бүрдүүлдэг экспортын гол бүтээгдэхүүнээ хилээр гаргаж чадахгүй, зогсоочихсон. Гашуунсухайтад нүүрс тээврийн нэг жолоочийн үнэмлэхээс коронавирусийн илэрсэн сурагтай. Манай Засгийн газрыг “бөмбөлөг” гээд агаарт хөөрч байх хооронд нөгөөх нь тэнд хагарчихлаа. Он гараад цалин, тэтгэвэр тасарвал гайхах шаардлагагүй. Уул уурхай нь зогсч, экспорт нь бүрэн гацсан л гэсэн үг.
Олимп дөхөх тусам БНХАУ хилээ улам чангална. Дэлхийн улс орнууд бойкот хийж, коронавирусийн омикрон хувилбар дэгдсэн ч бид олимпоо цуцлахгүй, хойшлуулахгүй гэдгээ Хятад улс олон улс даяар зарласан. Тэгэхээр хэлсэндээ хүрэхийн тулд хил гаалиа ч улам чангална. Хятад чангалахын хэрээр бидний мөр хавчигдаж, бэлхүүс татагдана.
Өнөөдөр Эрээнийг нээж, маргааш хаахыг ч үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан өвлийн олимп дуустал монголчууд урд зүгээс нар үзэхгүй нь тодорхой.
Харин тов тодорхой ганцхан зүйл нь манай төрийнхөн, Засгийн газар урд зүгийг царайчилсаар өдөр, сарыг аргацаана. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд, худалдаачид ямар байдалд орохыг төсөөлөөд ч хэрэггүй биз.