Та гадаад руу аялахаар төлөвлөж байна уу? Тэгвэл хямд өртөгтэй маршрут санал болгоё
Эдийн ЗасагЦар тахлын улмаас хил хаагдаж, нислэгийн үнэ тариф тэнгэрт хадаж, жинхэнэ толгойн өвчин болоод байгаад билээ. Одоогоор манайхаас гадаад улсыг зоригч иргэд ихэвчлэн Солонгос эсхүл Турк улсаар дамжиж нисэх л сонголттой байсан. Харин өчигдөрхөн шинэ гарц нээгдсэн тухай таатай мэдээг хуваалцъя.
Ойрын хугацаанд ОХУ манай иргэдэд хилээ нээх тухай тус улсын төрийн мэдлийн ИТАРТАСС агентлагт мэдээлсэн ч албан ёсны шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байсан билээ. Харин өчигдөр оросууд үүнийгээ албажуулж, шийдвэрээ манай талд ирүүлсэн байна. Ингэснээр үндэсний энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд ОХУ-д 30 хоног визгүй зорчих эрх сэргэлээ.
БНСУ-ын Сөүл, Туркийн Истанбул, Анталья чиглэлийн шууд нислэгийн тийз нэг талдаа дунджаар хоёр сая төгрөг, зарим тохиолдолд түүнээс ч үнэтэйгээр арилжаалагдаж байсан. Дээр нь тийзийн үнэ тарифын үнэ ил тод бус, ялангуяа Туркиш Эйрлайнс авиа компанийн тийзийг онлайнаар худалдан авах боломжгүйгээс тус компанийн ижил зайн нислэгүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр үнээр тасалбар борлуулах төвүүдээс авахад хүрч байсан билээ.
Тэгвэл та одоо Эрхүү, Улаан-Үд, эсвэл Москвагаар дамжин хямд тарифаар гуравдагч орнууд руу аялах боломжтой боллоо. Жишээ нь Москва-Анталья, Анталья-Москва чиглэлийн шууд нислэгийн тийз нэг талдаа хамгийн хямд нь 48 евро (158,000 төгрөг)-гийн ханштай байна. Эрхүү-Москва, Москва-Эрхүү чиглэлд хямд тийз 60 евро (198,000 төгрөг) байна. Москва-Дубай, Дубай-Москва чиглэлд нэг талдаа 102 евро (337,000 төгрөг)-гийн үнэтэй байна.
Харин та Улаанбаатараас Эрхүү, Улаан-Үүд чиглэлд Хүннү Эйр, Аэро Монголиа компаниар сонгон үйлчлүүлэх боломжтой. Авто замын Алтанбулаг боомтоор Хиагт руу нэвтэрч болох эсэх нь тодорхойгүй байгаа ч Улаан-Үд, Эрхүү рүү тээвэр хийдэг зарын группүүдээс харахад хүмүүс мэр сэр явсаар байгаа бололтой. Хэрэв Алтанбулагаар нэвтрэх тохиолдолд Эрхүү, Улаан-Үд орох онгоцны тийзийн үнэ болох 500-600 мянган төгрөгийнхөө 80 хувийг нь бас хэмнэж чадна. Ингээд цар тахлаас өмнө, цагийн сайханд, мөлхөөд ч болтугай Эрээн юм уу Улаан-Үд орчиход цаашаа хямдхан гэдэг байсан үе маань буцаж ирэхэд ойртож л байгаа бололтой.
За ийм л байна даа. Улаанбаатарын утаанаас түр ч гэсэн ангижирч, Москва, Анталья, Дубай, Пукетэд шинэ оноо гаргаж болох юм шүү. Ингээд аялахаар шийдсэн бол Танд амжилт хүсье!
Жич: Миний хувьд дээр дурдсан авиа компаниуд, аяллын товчоо, байгууллагатай холбоотой ашиг сонирхлын зөрчилгүй болохыг мэдэгдэж байна. Гагцхүү цар тахлын үеэр гадаадад тэнэж бэдрэн яваагийнх монополь үнэтэй тийзүүдэд халаасаа гүнзгий тэмтрүүлсэн бөгөөд хямд сонголт гарч ирсэнд талархахдаа та бүхэнд бас хэрэгтэй болов уу хэмээн санаж үүнийг хуваалцлаа.