Омикроны халдвар хүндрэхгүй байгаа ч улс орнууд хөл хорио тавьсаар байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-12-23 01:21:21

Коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон халдвараас үүдэлтэй өвчлөлийн шинэ давлагаанаас зарим орнууд эмээч, хязгаарлалт, хөл хориогоо дахин сэргээж байгаа бол нөгөө хэсэг нь Зул сарын баярын өмнө дахин эдийн засгаа золионд гаргахыг хүсэхгүй байна. Дэлхий дахинд коронавирусийн халдвартай холбоотой нөхцөл байдлын талаар тоймлон хүргэе. 

Зарим судалгаагаар омикрон штаммаар үүсгэгдсэн халдварын улмаас өвчлөл төдийлөн хүндрэхгүй гэсэн дүн гарсан. Тэр дундаа коронавирусийн шинэ штам анхлан илэрсэн Өмнөд Африкийн эрдэмтэд энэ штаммаар үүсгэгдсэн өвчлөл төдийлөн хүндрэхгүй гэж үзэж байгаа юм. 

Өмнөд Африкийн Халдварт өвчний ерөнхий мэргэжилтэн  Салим Абдул Каримын үзэж байгаагаар тус улсад өвчлөлийн оргил үе өнгөрсөн, тун удалгүй бусад орнууд ч богино хугацаанд оргил үе  өнгөрөх гэнэ. Өмнөд Африкийн Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн гаргасан илтгэлд дурдсанаар, омикрон штаммын халдвараас үүдэн эмнэлэгт хэвтэх эсвэл ноцтой хүндрэх тохиолдол бага байгаа аж.

 "Өвчлөлийн оргил үе хурдан хугацаанд өнгөрсөн, мөн омикрон штамм хөнгөн хэлбэрээр илэрч байгаа нь ӨАБНУ-ын онцлогуудтай холбоотой байж мэднэ, тодруулбал, өмнөд африкчуудын 70 гаруй хувь нь коронавирусийн аль нэг штаммын халдвар аваад эдгэрсэн, хүн амд нь дархлаа тогтсон" гэж Салим Карим өгүүлснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, ердөө долоо хоногийн өмнө ӨАБНУ-д омикрон штаммын халдварын тоо эрс өсөж, эмнэлгүүдэд шинжилгээ өгөх гэсэн хүмүүсийн урт дараалал үүссэн байв. Харин энэ долоо хоногийн эхнээс нөхцөл байдал тогтворжсон ч АНУ болон бусад орнуудад халдвар нэмэгдэж, хязгаарлалтын арга хэмжээ авч байна.

Омикроноос болгоомжилсон орнууд 

Омикрон штаммын халдвар хөнгөн хэлбэрээр илэрнэ гэдгийг эцэслэн батлахад хангалттай мэдээлэл байхгүй, тиймдээ ч дэлхийн улс орнууд омикрон ээлжит өвчлөлийн давлагаа үүсгэн өвчтөнүүд тэр дундаа хүндээр өвдөх хүмүүсийн тоог нэмэж, эмнэлгийн ачаалал хэтрэн, эрүүл мэндийн салбар хүнд байдалд орно гэж болгоомжилж байгаа  юм. Тиймээс Европын орнууд хязгаарлалт, хөл хорио тавьж эхэлжээ.

Харин Британи улс хөл хорио тавихгүй гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ. Гэхдээ Зул сарын баярын дараа хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй хэмээн тэрбээр онцолсон байна.

 Энэ улсад өнгөрсөн хоногт 100 мянга гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн бөгөөд хэдийгээр нэмэлт тунгаар дархлаажуулах ажлын үзүүлэлт өндөр байгаа ч халдвар нэмэгдэж, 12 дугаар сарын 22-ны өдөр 106122 халдварын тохиолдол шинээр илэрчээ. 

Европт омикрон хувилбар хурдацтай тархаж байгаа тул Их Британийн Засгийн газрын зөвлөхүүд 5-11 насны хүүхдүүдийг вакцины бага тунгаар, харин 16-17 насныхныг нэмэлт тунгаар дархлаажуулах зөвлөмж өгсөн байна. Энэ зөвлөмжийг тун удахгүй эрх баригчид дэмжсэнээр хэрэгжүүлж эхлэх аж.

Одоогоор, Зул сарын баярын өмнө хөл хорио тогтоох шийдвэр гараагүй, харин нөхцөл байдал өөрөөр эргэвэл зарим хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Харин Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын бүрэлдэхүүнд багтдаг бусад нутаг дэвсгэрүүдэд халдварыг хяналтад оруулах зорилготой хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, зул сарын баярын маргааш нь буюу 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Хойд Ирландад шөнийн клубуудыг хаахаар болсон байна. Түүнчлэн бүжгийн талбайнуудыг ч хаана гэж мэдэгджээ.

 Мөн энэ өдрөөс эхлэн кафе, зоогийн газар, уушийн газруудад  нэг ширээний ард зургаагаас дээш хүн сууж үйлчлүүлэхийг хориглосон байна. Хойд Ирландад омикрон хувилбар давамгайлж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан бөгөөд тус бүс нутагт коронавирусийн халдварын нийт тохиолдлын 60 орчим хувь нь омикрон штаммаар үүсгэгдсэн байгаа гэнэ.

Хязгаарлалт тавьсан бусад орнууд 

Герман улс 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дахин шөнийн клубуудыг хааж, хүмүүсийг 10-аас дээш цугларахгүй байхыг зөвлөсөн бол хөл бөмбөгийн тэмцээнүүд үзэгчгүй зохион байгуулагдах журам гарчээ.

 "Коронавирус Зул сарын баяраар хаашаа ч алга болохгүй. Биднийг чиглэн ирж буй ээлжит давлагааг харахгүй, нүдээ аниад өнгөрөх боломжгүй юм" хэмээн Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ.

Португали улс мөн л зул сарын баярын маргааш өдрөөс буюу 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шөнийн клуб, уушийн газруудыг хааж байгаагийн дээр нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглосон байна. Түүнчлэн гэрээсээ ажиллах албан журмыг баталжээ. 

Харин Финлянд улс 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн уушийн газар, зоогийн газруудыг 21.00 цагаас хойш согтууруулах ундаа зарахыг хориглож, 22.00 цагт хаах журам гаргасан байна. Цаашлаад, 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 17.00 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй, уушийн газрууд 18.00 цагт хаах бол зоогийн газрууд 20.00 цагт хаах журам үйлчлэх юм байна. Мөн уушийн газарт нийт суудлын 50 хувь, зоогийн газарт 75 хувь дүүргэлттэй байхаар журамлажээ. 

Өмнөд Солонгос ч мөн дахин хязгаарлалтын арга хэмжээ нэвтрүүллээ. Уушийн газар, зоогийн газар, кинотеатрын ажиллах цагийг багасгаж, дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглосон байна. Мөн эмнэлгийн орны тоог хоёр дахин нэмэх шийдвэр гаргажээ.


Холбоотой мэдээ