Ш.Лхамсүрэн, Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий "Мондулаан трейд" компани Хөгжлийн Банкны ₮13.7 тэрбумын зээлийн үлдэгдлээ төлөөгүй байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2022-02-02 19:25:33

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлүүдтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад буй.

Энэ дунд Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий "Мондулаан трейд" компани нэрлэгдээд байна.

Тус компани 2018 оны аравдугаар сард буюу Ш.Лхамсүрэнг БХБ-ын дэд сайд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаар ажиллаж байх үед "Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл"-д зориулж 15 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Гэвч уг зээлийн 13.7 тэрбум төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул "Чанаргүй зээл" ангилалд багтсаныг Хөгжлийн Банк шүүхэд өгч, 17.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.


Ш.Лхамсүрэн нь БХБ-ын дэд сайдын албан тушаалын хүрээнд 2015-2017 оны хөрөнгө, орлогоо АТГ-т мэдүүлж байсан байна. Уг мэдүүлэгт "Мондулаан трейд" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг болохоо гурван жил мэдүүлжээ. Харин 2020 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар ХОМ-ээ АТГ-т бүртгүүлсэн бөгөөд тус компанийн талаар мэдүүлээгүй байна.


Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг "Дархан мах корпорац" ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан нь батлагдаж, түүнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байв

Харин Ё.Отгонбаярын хувьд "Мондулаан трейд" компанийн 120,400 ширхэг хувьцаа эзэмшдэгээ 2017 онд БСШУЯ-ны дэд сайд байхаасаа эхлэн мэдүүлж иржээ.


Хөгжлийн Банкны зээлийн энэ асуудалтай холбоотойгоор нэр бүхий сэтгүүлчдийг цахимаар заналхийлсэн шалтгаанаар Ё.Отгонбаярт ёс зүйн хариуцлага тооцож, МАН-ын даргын ахлах зөвлөхийн ажлаас чөлөөлснийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.  

Холбоотой мэдээ