Н.Мөнхнасан: "Монполимет" групп хүү, ханшийн алдагдлын хамт 50 сая ам.долларыг эргэн төлсөн
Эдийн ЗасагМонполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор тайлбар өглөө.
-Хөгжлийн банк авсан зээлүүдийг зарлахаас гадна төлөлтүүдийн хэмжээг мэдээлэх ёстой. 2014 онд зээлийг төгрөгөөр олгох тогтоол гарсан ч, банк ам.доллароор олгосон. Бид энэ зээлийг авсан жилийнхээ дараа жилээс нь төлж эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн үеийн ханшаар нийт 126 тэрбум төгрөгөөс 118 тэрбум төгрөгийг хүү, ханшийн алдагдалтай нь хамт төлсөн. Ханшийн алдагдал нь 30 гаруй тэрбум юм.
50 сая ам.доллар буюу 118 тэрбум төгрөгийг бид төлсөн. Тухайн үеийн ханшаар нэг ам.доллар 1943 төгрөг байсан. Өнөөдөр валют яаж өссөнийг бүгд мэдэж байгаа.
Хөгжлийн банк ханшийн эсрэг авах арга хэмжээний санал огт тавиагүй. Бид эргэн төлөлтөө хурдан хийх, эсвэл хямд эх үүсвэртэй зээл гаднаас татах арга хэмжээ авч байснаар 2018, 2019 онд илүү төлөлт хийж байсан.
2020, 2021 онд цар тахлын улмаас орон нутагт 200-300 хоног хөл хорио тогтоосноор, үйлдвэрүүд тэг зогсолт хийж, ямар ч үйлдвэр төлөлт хийх боломжгүй байсан.
Энэ зээлийн барьцаа хөрөнгөд 200 жилийн нөөцтэй шохойн чулууны орд маань байсан.
-Авлигатай тэмцэх газар танаас мэдүүлэг авсан уу?
-Хөгжлийн банкнаас авсан мөнгө үйлдвэртээ бүрэн зарцуулагдсан уу зэрэг баримт материалыг бүрдүүлээд явж байна. “Монцемент” төслийн хүрээнд гурван цогц үйлдвэр бий болсон. Энэ бол хөгжлийн төсөл. Үүнийг манайхан хэрэглээний зээлтэй андуураад байна. Бид олон улсад судалгаа шинжилгээ хийж 80 хувийн хөрөнгө босгож, 20 хувийг Хөгжлийн банкнаас зээлсэн.
Цар тахлын улмаас үйлдвэр 300 хоног тэг зогсолт хийсэн. Ачаа, тээвэр маш их хүндрэлтэй байсан. Үйлдвэр барихаас гадна орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага гарсан. “Монцемент” төсөл зөвхөн дэд бүтцэд 40 тэрбум төгрөгийг зарцуулсан.
-Барьцаа хөрөнгийн талаар тодруулбал?
-Энэ зээлийн барьцаанд “Монполимет” группийн оффисын барилга, драгийн хоёр үйлдвэр, тоног төхөөрөмж ч байдаг. Нийт санхүүжилтийн 20 хувьд 65 сая долларын зээл олгогдсон. 80 хувьд нь Европын сэргээн босголт хөгжлийн банк болон “Монполимет” группийн өөрсдийн санхүүжилт байдаг. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, үндэсний үйлдвэрлэл хөгжихөд барьцаа хөрөнгө хэрэгтэй болдог. Үндэсний томоохон төсөл хөтөлбөрт засгийн газар оролцохоос өөр аргагүй байсан. Энэ зээлийн барьцаа хөрөнгөд 200 жилийн нөөцтэй шохойн чулууны орд маань байсан.
Түүхий эд болох шохойн чулууны ордыг барьцаалах зөвшөөрлийг манай ТУЗ гаргаж байв.
Энэ үйлдвэр 200 жил ажиллах нөөцтэй хэмээн баригдсан, үндэсний эрх ашиг, барилгын салбарт маш их хувь нэмэр оруулсан төсөл байгаа юм.
-Үлдсэн төлбөрөө хэзээ төлж дуусгахаар байна вэ?
-Бид энэ жилдээ үндсэн зээлийн төлбөрөө тухайн үеийн төгрөгийн ханшаар төлөөд дуусчих байх. Бид орлоготой байж төлбөрийг төлнө. Энэ бол зах зээлийн эрэлт хэрэгцээгээр зохицуулж ирнэ. Бид энэ зээлийг маш хурдан төлөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ зээл маш өндөр өртөгтэй. Долларын 10 хувь нь ханш, инфляцын алдагдалтай бодит хүү нь 20 гаруй юм. Ийм өндөр өртөгтэй учир хурдан төлөх хэрэгтэй байгаа.
-Танайх хэчнээн ажлын байр бий болгосон бэ?
-“Монцемент” төслийн хүрээнд нийт 2000 ажлын байр шууд ба шууд бусаар бий болсон. Үйлдвэрт жилийн дөрвөн улирлын туршид 600 гаруй ажилчин байдаг. Манай үйлдвэрийн гол онцлог нь ногоон технологи юм. Цементийн үйлдвэр барих нь улс орны хэмжээнд хийх төсөл юм.
Ийм нарийн технологитой төсөлд гаднын улс орнууд технологио хамаагүй өгдөггүй. Бид маш их бэрхшээлийг даван туулсан.
200-300 сая ам.долларын гадагшаа урсах урсгалыг зогсоосон. Бид цементийн чанарыг огт ярихгүй үлдээдэг. Бид стандартын бус цементийг мэдэхгүйн улмаас ихэнх хот байгуулалт, барилгын сууриудад ашигласан байдаг.
Өндөр чанартай цемент нь бүтээн байгуулалтын насжилтад их нөлөөтэй.