Газрын тосны үйлдвэр "галавын үлгэр " болсон шүү.

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2022-02-12 06:06:13

Газрын тосны үйлдвэр "галавын үлгэр " болсон шүү. 

Хөгжлийн банкнаас авсан 158 тэрбум төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалтыг харчих_ 

Улс төрчид бензинээ дотооддоо үйлдвэрлэнэ гэж ард түмнээ хуураад 5 он  өнгөрлөө.  Алтанширээд Энэтхэгийн 1 тэрбум доллараар  баригдах газрын тосны үйлдвэр 2022 онд ашиглалтад орно гэсэн. Өнөөдөр үйлдвэр  барих  байтугай  технологийн патентаа ч аваагүй сууж байна. Гэсэн атлаа нөр их бүтээн байгуулалт тэнд хийж байгаа мэт тархи угааж,  улс төрчид сонгуулиар пиар хийсээр ирэв. Хөгжлийн банкнаас  2018 онд 158 тэрбум төгрөг авчээ. Хүүтэйгээ 200 тэрбум болсон. Мэдээж эргэн төлөлт 0. Үйлдвэр бариагүй өдий хүрсний хариуцлагыг нэхэх байтугай мэдэж буй хүн ч алга. 158 тэрбумаар барьсан гэх зүйл нь ажилчдын орон сууц,амбаар сав, алд дэлэм зам төдий. Үүнийг барихдаа гааль, татварын хөнгөлөлт тамтаггүй эдэлсэн. Тэгээд эцэст нь барьсан зүйлийг нь харчих. Өнөөдөр үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ? гэсэн асуултад 2025,2026 амандаа орсон дуртай тоогоо хэлж байна.  Үйлдвэр баригдлаа гэхэд Дорнодоос 650 км газар тосоо хэрхэн тээвэрлэх шийдэл ч алга. 

Хөгжлийн банк дээр цэц булаалдахаас өмнө хэн нь хэдэн төгрөгөөр газар дээрээ яг юу хийснийг яваад үзэхэд л ус тос нь ялгарна даа. Хувийн компани 158 тэрбумаар ийм хэдэн тоосго өрсөн бол эзнийг нь бариад идчихсэн. Харин төрд  бол эзэн байхгүй. Төрийн өмчийн компанид тооцох хариуцлага байхгүй. Учир нь энэ нийтийн өмч учраас эзэн байхгүй. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Алтанширээд газрын тосны үйлдвэр барих шийдвэр гарсан.

Өнөөдөр Хөгжлийн банкийг луйвардчихжээ гэхэд хашгирахаас өөр яаж ч чадахгүй байна. Маргааш газрын тосны үйлдвэр худлаа байжээ гэхэд дахиад хэд хашгираад л гүйцээ. Цуурай болоод замхарч үлдэнэ

158 тэрбумын бүтээн байгуулалтыг зурган дээрээс харчих!!!

Дарга нар ард түмний хэрэгцээ шаардлага дээр дөрөөлж, идэж ууна гэж үүнийг хэлдэг юм. Эцэст нь импортын бензинд байдгаа барьсан ард түмэн эрх баригчдын идсэн уусныг төлнө. Ингээд д гүйцээ!!!


Сэтгүүлч Б.Отгон 2022.02.11

Холбоотой мэдээ